13 настай охиныг хөнөөсөн этгээдүүдийн давж заалдах шүүх хурал хойшлогдлоо

Баянзүрх дүүргийн XXI хорооны “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай охин амь насаа алдсан онц ноцтой хэрэг гарсан. БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаас гэмт этгээдүүд болох Жавхлан, Амарболд нарт бүх насаар нь хорих ял оноосон юм. Харин яллагдагчдын ар гэрийнхэн болон өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу уг гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдрөөр (2019.02.14) товлогдсон юм.

Гэвч Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3.1 дэх хэсэг, 39.3.3 дахь хэсэгт зааснаар бүх насаар хорих ялтай зүйл ангиар шийтгэгдэж байгаа гэмт этгээдэд заавал өмгөөлөгчийг оролцуулна гэж зааснаар шүүх хурал хойшиллоо. Шүүх хуралд Д.Жавхлангийн нэг өмгөөлөгч ирээгүй. Гэхдээ шүүх нэг удаад Зөрчлийн тухай хуулийн 15.7.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан буюу хянан шийдвэрлэх ажиллагаанд хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн гэдэг үндэслэлээр 300 мянган төгрөгөөр торгохоос татгалзаж, сануулга өгөхөөр шийдвэрлэжээ.

Яллагдагч Д.Жавхлан нь Б.Бат-Ерөөлт, О.Цэрэнпунцаг гэсэн хоёр өмгөөлөгчтэй. Өмнөх шүүх хуралдаануудыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурван удаа хойшлуулж байжээ. Энэ үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн дагуу 300 мянган төгрөгийн торгууль оногдуулсан байна. Дахин торгох нь тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах учир энэ удаад торгохгүйгээр сануулж байгаа юм байна. Харин Б.Бат-Ерөөлт өмгөөлөгч нь “би гомдлыг бичгээр гаргаагүй өмгөөлөгч учраас тухайн хуралд зөвхөн санал гаргах эрхтэйгээр оролцох учир шүүх хуралд оролцох шаардлага байхгүй” гээд гарч явсан. Чухам ямар байдлаас үүдэн шүүх хурлыг хойшлуулаад байдгийг нь мэдэхгүй юм гэдэг тайлбарыг өмгөөлөгч Д.Батбаяр хэллээ.

Бага насны хүүхдийг хүчиндсэн гэдэг дээр М.Амарболд нь хийсэн хэргээ анхнаас нь үнэн зөвөөр мэдүүлж, хэрэгтээ маш их гэмшиж байгаа гэдэг байдлаар 15 жилийн хорих ял оноосон аж. Харин хүн алсан хэрэгт нь бүх насаар нь хорих ял оноосон. Тиймээс түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн хувьд бүх насаар хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн аж.

Хохирогчийн өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн өнөөдрийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ.

Ийнхүү шүүх хурал долоо хоногоор буюу хоёрдугаар сарын 21-ний өдөр хойшлогдсон байна.

“Очир төв” буюу “Алтан очир энд гольд стар” компанийн тухайд 3 сая 636 мянган төгрөгийн торгууль оногдуулах тухай анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Харин хохирогч нарын зүгээс хохирогчийг амь насаа алдах нөхцөл байдлаар хангасан гэдэг шалтгаанаар 100 сая төгрөгийг нэхэмжилж байгаа юм байна.

One thought on “13 настай охиныг хөнөөсөн этгээдүүдийн давж заалдах шүүх хурал хойшлогдлоо

  1. Нэргүй 2019-02-15 09:10 at 09:10

    Давж заалдах ямар ч үндэслэл байхгүй алуурчдад боломж олгосон хууль монголоос өөр ямар ч улсад байхгүйээ

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн