Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг /сумын төвд, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ тус сумын 4 дүгээр гудамжинд оршин суугч 6 настай, эрэгтэй Г хоёрдугаар сарын 13-ны 16:55 цагийн орчим “Ховд” голд осолдсон тухай дуудлагыг аймгийн ОБЕГ энэ өдрийн 17:05 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус байгууллагын 9 алба хаагч эрлийн хэсэг байгуулж 18:24 цагт хүхэд осолдсон газарт очиж, 100 метрийн зайд 3 удаагийн шумбалт хийж, орон нутгийн 50 иргэн “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрлийг энэ өдрийн 19:45 цагт түр зогсоож, өнөөдөр 08:00 цагт дахин эхлүүлээд байна.
Хэдийгээр гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа.
Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг ОБЕГ анхааруулж байна.