Өнгөрсөн онд хүүхэд хамгааллын зардалд 6 тэрбум гаруй төгрөгийг төсөвлөсөн нь тэрбум гаруйхан төгрөгөөр хүүхдээ хамгаалдаг байсан Монгол улсын хувьд түүхэн шийдвэр байсан гэж хэлж болно.
Байнгын эрсдэл аюул дунд амьдарч, утаа агаарын бохирдол, бэлгийн хүчирхийлэл, автын осол, гал түймэр, хүүхдийн хулгай гээд эрүүл аюулгүй орчинд өсч торних, сурч хүмүүжих эрх нь байнга зөрчигдсөөр байгаа Монгол хүүхдийг бүрэн хамгаалж, хараа хяналтыг сайжруулахад энэ төсөв мэдээж хүрэлцэхгүй. Гэвч ядарсан эдийн засгаа чадан ядан сэргээж байсан Засгийн газар өмнөх төсвийг тийнхүү 5 тэрбумаар нэмэгдүүлж чадсан нь талархууштай бөгөөд харин байгаа багахаан төсвөө үр ашигтай зарцуулах нь зүй.
Дээрх шийдвэрт олон хүний санаачилга, зүтгэл шингэсэн. Харамсалтай нь олноороо хичээж, бултаараа баярласан хүүхэд хамгааллын төсөв оновчгүй зарцуулагдаж, хэдэн албан тушаалтнуудын машин унаа, орон байр, цахилгаан хэрэгсэл болж хувирсан нь цаасан дээр гарсан мөртэй, баллуурдах аргагүй баримттай байх ажээ.
НХХЯ-наас Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар/ГБХЗХГ/-ын 2018 оны 1-9 сарын төсвийн зарцуулалтад хяналт хийхэд төсвийг ямар ч хяналтгүйгээр, зориулалтын бусаар зарцуулсан, санхүүгийн баримтгүй, зарцуулалтын данс бүртгэлгүй, байгууллагуудад гэрээний дүнг шууд 100 хувь шилжүүлдэг, ямар ч тушаал шийдвэргүйгээр бараа материал худалдан авдаг байсан гээд олон зөрчил илэрчээ. 1 жилийн хугацаанд 1,7 тэрбумыг залгиж, төсвийн хөрөнгийг хэрхэн шамшигдуулсныг цөөн жишээгээр дурдъя.
Хүүхэд хамгааллын ажилд төрийн ачааг үүрэлцэх үүрэгтэй ТББ-уудын зарим нь арын хаалгаар орж, ашгийн төлөө тэдэнтэй хамтардаг болоод уджээ. Хүүхэд хамгааллын тухай хуулиараа бол Магадлан итгэмжлэлд орсон тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтран ажиллах байтал 1 хүнтэй, үйл ажиллагаа явуулдаггүй байгууллагууд 1,7 тэрбум төгрөгөөс нэлээдийг нь завшсан байсан аж.
Жагсаалт энэ мэтээр үргэлжлэх бөгөөд хамгийн сонирхолтой нь аль ч дарга нарын үед ам хэлээрээ далайлгаж эрх дархаа тогтоосон мэргэжилтнүүддээ хүртэл хэдэн сая төгрөгийг тал засан олгосон байх юм.
“Тендер зарласан нэртэй” ажлууд нь бүгд нэг л үнэлгээний хороогоор оржээ. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд Захиргаа Санхүү Удирдлагын Газрын дарга Ш. Чинбат, Хууль эрхзүй хамтын ажиллагааны Газрын дарга А. Энхбаатар болон ойрын хүрээллийнхээ ТББ-уудын төлөөллийг багтааж баталсан нь бүгд О.Алтансүх даргын найзууд тэрээр ажил үйлчилгээг шалгаруулахдаа мөн л өөрсдийн найз нөхдийн болон танил талын байгууллагыг сонгон шалгаруулж зах зээлийн ханшнаас хэт өндрөөр үнэлэгдсэн ажил үйлчилгээний төсвийг 100 хувь шилжүүлдэг байсан нь доорх жишээгээр батлагдана.
- Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр Хөгжлийн академи НҮТББ-д 31,5 сая төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд уг ТББ нь О.Алтансүхийн найз Баярмагнайн /СБД-ийн Засаг дарга асан/ эхнэр Баттуулынх тэрээр санхүүжилтийг гэрээнд зааснаас өөрөөр зарцуулсан аж.
- Арга зүйн зөвлөгөө өгөх ажил үйлчилгээнд зориулж Эм Эс Си Ай ХХК-д 50 сая төгрөгийг олгосон бөгөөд энэ нь тус газрын дэд дарга Б. Халиуны найз Нацагдолгор /НАМЭХ-ны УЗ-ийн гишүүн/-ын байгууллага гэнэ.
- Тус газрын удирдлагууд сургалт нэрээр 1,4 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Уг төсвийн зарцуулалтад Д.Оюунхорол, Н.Номтойбаяр нар оролцсон байх бөгөөд тэдний сонгуулийн ажилд идэвхийлэн оролцсон зарим хүмүүст ТББ-аар нь дамжуулан санхүүжилт олгосон баримт бий.
- Нэгэн цагт МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О.Алтансүх МЗХ-ноос хэвлүүлсэн боть номыг санхүүжүүлж А.Мөнхбат найздаа ач санаж, өр төлөх шаардлага гарчээ. Тэрээр Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг ахалж байсан /Ерөнхий сайд асан/ Ж.Эрдэнэбатын мэндчилгээг нүүр хуудсанд нь тавьж эвтэйхэн өнгөлөн далдлалт хийгээд МЗХ-нд шилжүүлсэн аж.
- МЗХ-ноос О.Алтансүхийг дагаж ирсэн нэлээд хэдэн залуучууд тус газарт ажилладаг гэнэ. Хаялгатай даргын хайранд бялхаж, шинэ жилээр бүгд л цахилгаан хэрэгслээр шагнуулсан сурагтай. Харин шагналын зарцуулалт тус газрын тайланд сургалт нэрээр суусан байх аж
“Олдсон дээр нь идье” уриатай “О.Алтансүх ба түүний нөхөд” ийнхүү хурлын тэмдэглэлийг хүртэл илтэд хуурамчаар үйлдэн байж төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулжээ. Гэтэл салбарын сайд нь хариуцлага тооцохын оронд “зөрчлөө арилгаад санхүүгийн баримттай болгоод ир” гэж үүрэг өгсөн байх юм. Шуудхан хэлэхэд “баримт цуглуулаад баллуурдаад ир ээ” л гэсэн үг.
Сайдаараа толгойгоо илүүлээд гарсан нөхөд шат ахин урамшиж, “шалгавал шалгаг айхгүй” хэмээн бардамнаж додийж суух болсон байна. Тиймээс, хууль бус хяналтгүй зарцуулалтыг илрүүлчихээд байхад хариуцлага тооцож чадахгүй байгаа бол НХХ-ийн сайд С.Чинзориг та өөрөө албан тушаалаасаа огцрох хэрэгтэй.
Хэцүү эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд зарцуулагдах ёстой багахан төсөв ийнхүү хяналтгүй урссаар байгаа нь хүүхдийн хөгжил хамгааллын ажлуудыг үр дүнгүй, хүүхдийн төлөө сэтгэл хайраа зориулж ажилладаг олон хүний итгэл зүтгэлийг талаар болгож байна. Тиймээс, ГБХЗХГ-ын 2018 оны тайлан, 2019 оны төлөвлөлтөд хөндлөнгийн аудит оруулж өгөөч Ерөнхий сайд аа.
Үндэсний аудитын газрын даргаас хамааралгүйгээр шалгаж өгөхийг тусгайлан захихын учир нь тус газрын дэд дарга О. Халиуны найз С.Оюунбилэг Үндэсний аудитын газрын дэд даргаар ажилладгийг сануулах нь зүйтэй.
Ийнхүү 60 тэрбумынхан шат шатандаа авлигаар цаддаг жишиг ГБХЗХГ-ыг ч тойрсонгүй. Эцэст нь, Хүүхдүүдийнхээ ирээдүйг гэрэлтэй тунгалаг байлгахын төлөө хүн бүр нүд чихтэй хариуцлагатай байж, авлигачдад боломж бүү олгоё…
Х.Сүлд
Эх сурвалж: ubmedee.mn