“Миний дуртай спорт” буланд энэ удаа жүжигчин П.Баттөрийг урилаа. Тэрээр “Тусгай салаа” киноны Түвшингийн дүрээр анх дэлгэцийн урлагт хөл тавьсан юм. П.Баттөр бодибилдинг, фитнессээр хичээллэдэг юм байна.
Үзэгчид жүжигчин П.Баттөрийн анхны дүрийг Түвшин гэж андуурдаг. Тэгвэл жүжигчин залуу анх “Хархны өгөөш” кинонд эсрэг талын дүр дээр ажиллаж байжээ. Харин цэргийн албанд татагдаж буй доожоогүй залуугийн дүр түүнээс илүү ур чадвар, авьяас шаардсан тухай дурссан байдаг. П.Баттөрийн удамд урлагийн хүн байхгүй. Харин хүсэл мөрөөдлөөрөө энэ мэргэжлийг эзэмшиж, эзэн нь болно гэж өөртөө амлажээ. “Тусгай салаа” кинонд бие муутай, эхнэрээ царайчилсан шинэхэн цэрэг маань багаасаа спортод хорхойтой хүүхэд байжээ. Ялангуяа, сагсан бөмбөгт. П.Баттөр “NBA”-ийн тоглолтыг алгасахгүй үздэг. “Golden state warriors” багийн дэмжигч, Стефен Карригийн шүтэн бишрэгч юм байна. Харин найзуудтайгаа гудамжны шийд хэсч, ширэн бөмбөг шидэж явсан хүүхэд нас нь гэгээн дурсамж болон сэтгэлд нь үлджээ.
Хүрэл медальтай тамирчин
Тэрээр сагсан бөмбөгөөс гадна бодибилдинг, фитнессээр хичээллээд 14 жил болж байна. Мэргэжлийн тамирчин гэж онцолж болно. Учир нь П.Баттөр 2008 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан туршлагатай юм байна. Түүнээс спортоос хичээллэсэн нь танд ямар өөрчлөлт авчирсан бэ гэж асуухад “Спортоор хичээллэх нь тэсвэр хатуужил суулгахаас гадна өөрийгөө ялан дийлэхэд сургадаг. Үүнээс гадна чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд спорт чухал үүрэгтэй” гэсэн юм. Жүжигчин П.Баттөр бодибилдингээр хичээллэснээр эрүүл мэндийн хувьд олон өөрчлөлтийг өөрийн биеэр мэдэрсэн тухайгаа ярьж байсан юм. Тэрээр “Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг үнэн юм билээ. Спортоор хичээллэсэн хүн их цовоо сэргэлэн, эрч хүчтэй байдаг” гэсэн юм.
Нэг удаад 90-120 минут бэлтгэл хийдэг
Уран бүтээлч, жүжигчин хүн үргэлж олны нүдэнд ил байдаг тул гоо сайхан, биеийн хөгжилдөө анхаарах зайлшгүй шаардлагатай. Жүжигчин П.Баттөрийн хувьд ч эрүүл чийрэг биеийнхээ хүчинд Монголын хамгийн сайхан залуугаар шалгарч байсан удаатай. Тэрээр долоо хоногийн 3-4 өдрийг фитнесс клубт өнгөрүүлдэг юм байна. Тогтмол бэлтгэлдээ дасчихсан учир хааяа бэлтгэл хийхгүй бол нэг л зүйл дутуу юм шиг мэдрэмж төрдөг гэж тэрээр ярьж байв. П.Баттөр нэг удаагийн бэлтгэлдээ 90-120 минут зарцуулдаг. Энэ хугацаанд тасралтгүй бэлтгэл хийж, хөлсөө гаргаснаар хүссэн үр дүндээ хүрэхэд алхам алхмаар ойртдог гэнэ. Хойч ирээдүй болсон залуусыг зөвхөн бодибилдинг гэлтгүй өөрийн хүссэн спортоор хичээллэхээр шийдсэн бол тууштай байж, үр дүнг нь заавал үзээрэй гэж боди Түвшин уриалж байна лээ.
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин