Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны буцаан олголтын мөнгийг нэгдүгээр сарын 31-ний өдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. Эхний ээлжийн гүйлгээний хамгийн сүүлийн буюу 2019 оны хоёрдугаар сарын 2-ны байдлаар 723,265 иргэнд 103.6 тэрбум төгрөгийг олгосон. “Голомт” банкны 1,246 иргэний гүйлгээг хийх дутуу байгаа мэдээллийг холбогдох албанаас өглөө. Харин цахим баримтын системд нэр, дансаа зөрүүлэн бичсэн 15,964 иргэний НӨАТ-ын буцаан олголт Монголбанкнаас буцаагджээ. Тиймээс нэр, дансныхаа зөрүүг арилгаж, хувийн мэдээллээ дахин засварлаж баталгаажуулахыг Татварын ерөнхий газраас санууллаа.
НЭР, ДАНСАА БАТАЛГААЖУУЛАХ ЗААВАР:
Хэрэглэгч хувийн мэдээллээ засварлан баталгаажуулснаар НӨАТ-ын буцаан олголтыг нь шилжүүлэх боломжтой болох аж. “НӨАТ-ын буцаан олголтоо урьдчилж авсан /зээл авсан/ хүмүүсийн мэдээлэл шалгагдаж байгаа. Хяналт, шалгалтын ажил дуусахаар 2019 оны нэгдүгээр улиралдаа багтааж олгоно” гэж Татварын ерөнхий газрын хэвлэлийн ажилтан мэдээллээ. 2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг 808 мянган хүнд 120 гаруй тэрбум төгрөг олгоно гэж Сангийн сайд мэдээлсэн билээ.