Өнөөдөр Гэгээн Валентины баяр буюу хосуудын хайр дурлалын өдөр. Энэхүү баярын тухай түүх болон сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Олон хүн Гэгээн Валентины өдрийг ил захидал, зөөлөн тоглоомын худалдаачид бараагаа зарахын тулд бодож олсон баяр гэж боддог. Гэтэл огт тийм биш. Энэ баяр өөрийн гэсэн түүх, уламжлалтай. Энэ талаарх мэдээллийг хүргэе.
Баярын түүх
Энэ түүх Эртний Ромд өрнөсөн юм. II Клавдий эзэн хаан эмэгтэйчүүд эрчүүдийг армид явахад нь саад болно гэж үзээд улсынхаа залуу эрчүүдийг гэрлэхийг хоригложээ. Тэрбээр эмэгтэйчүүд нөхрөө дайнд явуулахгүй байж мэднэ гээд ийм шийдвэр гаргасан аж. Энэ нь эрчүүдийг улс орноо хамгаалахад асар том тээг болно.
Гэвч хайр дурлалыг хэн ч ялан дийлж чадахгүй гэдгийг бид мэднэ. Тиймээс ч залуу хосуудад Христийн сүмийн номлогч, домч Валентин тусалж, гэрлүүлдэг байв. Даанч залуу хосуудын аз жаргал тийм ч удаан үргэлжлэхгүй.
Харамсалтай нь нэг л өдөр эзэн хааны сонорт нууц хуримын тухай мэдээлэл хүрч, хууль зөрчигч Валентиныг шоронд хорьжээ. Номлогчид маргааш өдөр нь цаазална гэж мэдэгдсэн өдөр Валентин цаг, минутыг ч алдахгүйг хичээж, хайртай бүсгүйдээ хайрын захидал бичиж, дамжуулж өгөхийг хүсчээ. Энэ л зовлонт ламын сүүлчийн хүсэл байлаа.
Энэ явдлаас хойш 200 жилийн дараа католик сүмүүд Валентиныг шүтэж эхэлжээ. Харин 496 онд Ромын пап Геласиус хоёрдугаар сарын 14-нийг Гэгээн Валентины өдөр болгон зарласан түүхтэй.