Автомашины бартаат замын цуврал уралдааны 2019 оны анхны тэмцээн энэ сарын 24-ний өдөр зохиогдох нь. Тамирчид өөрсдөө нэгдэж үндсийг нь тавьсан Монголын автомастеруудын холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн 13 жил, тэр дундаа сар бүр тасралтгүй уралдаан тэмцээн зохион байгуулж, түүний үр шимээр Монголын авто спортын тамирчдын ур чадвар, техникийн үзүүлэлт олон улс орны тамирчдын энд хүртэл хөгжиж ирсэн билээ.
Тус холбоог болон спортыг дэмжин, хамтран ажилладаг байгууллага иргэдийн тоо ч өссөөр авто спорт нь манай улсын хувьд хамгийн олон үзэгчтэй спортын нэг болж чаджээ. Тодруулбал, байгаль цаг уур, газрын хол ойрыг эс ажран зөвхөн нэг удаагийн уралдаанд зорьж очдог үзэгчдийн тоо 6000-10000 хүрдэг гэж байгаа.
Улирлын онцлог, замын нөхцөл, байгалийн ямар ч үзэгдэлтэй байсан техникийг хэрхэн эзэмшдгийн, хурд хүч, авхаалж самбаа, эр зоригийн гайхамшгийг харуулж чаддаг бартаат замын энэ удаагийн уралдааныг “Автохим” ХХК ивээн тэтгэж байгаа юм байна.
Автомашины хамгийн том клиник, гоо сайхны салон нь гэж хэлж болохоор тус компани Монголын Автомастеруудын холбоотой байнга хамтран ажиллаж ирсэн бөгөөд тамирчид ч уралдааны болон хувийн техник, автомашиндаа тогтмол үйлчилгээг авч, харилцан бие биенээ дэмжиж ажилладаг аж. Өөрөөр хэлбэл, төмөр хүлгүүдийн хурд хүчний бүрэн ар тал нь Автохим компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд байдаг гэхэд хилсдэхгүй гэж байгаа.
Энэ удаагийн “Автохим-Мастеркросс 2019” бартаат замын уралдаан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Морингийн даваанд болох бөгөөд уралдаанд оролцохоор одоогоор 50 гаруй тамирчин мэдүүлгээ өгөөд байгаа гэнэ.