Японы Оберлиний их сургуулийн зочин профессор доктор С.Төмөр-Очир судалгаа шинжилгээний ажлынхаа хүрээнд, манай улсад ажиллаж байсан үе үеийн Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайдууд, монголч эрдэмтэдтэй Монгол-Япон хоёр улсын найрамдалт харилцаа, соёл боловсролын хөгжлийн асуудлаар ярилцсаныг уншигчдад толилуулж байна. Энэ удаа манай оронд хамгийн удаан хугацаагаар ажилласан Марохито Ханада гуайтай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэе.
М.ХАНАДА Токиогийн гадаад хэлний Их Сургуулийн Монгол хэлний анги төгссөн. 1980 онд Япон Улсаас БНМАУ-д суугаа Элчин Сайдын Яамны I нарийн бичгийн дарга 1985 оноос мөн Элчин Сайдын Яаманд зөвлөх 1999 оноос Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд 2002 онд насныхаа амралтыг авсан байна.
-Та бараг 20 гаруй жил Монголд ажилласан. Монголчууд таныг андахгүй сайн танина. Одоо хэр нь таныг дурсан ярьж санагалзаж байдаг. Харин анх яагаад манай орныг сонгон судалж улмаар мэргэжлээ болгосон тухай ярилцвал сонин байх болов уу?
-Би анх Монголыг газрын зургаас л мэддэг болсон. Биднийг ахлах сургуульд сурч байхад Дорно дахины түүхийн хичээл ордог байлаа. Монголыг их хүйтэн орон гэдгийг мэддэг болчихсон үе. Би түүхийн үйл явдлыг их сонирхдог байсан болохоор Чингис хааны байлдан дагуулалт, монголчуудын соёл иргэншил зэргийг судалж энэ аугаа хүн чинь ийм их хүйтэн газарт төрж өссөн байна. Цаг уур нь том эзэн хаан болоход нь нөлөөлсөн байж таарна гэж бодоод улам тодорхой мэдэхийг хүсэж тарчигхан амьдарч байсан хэдий ч мөнгө цуглуулж монголын тухай мэргэжлийн хүмүүс, судлаачид үздэг номыг худалдан авч уншсан. Энэ маань Монголд очих хүсэл эрмэлзлийг улам бадрааж байлаа. Ахлах сургууль төгсөөд Монголд очих сонирхолдоо хөтлөгдөн МУИС-д сурахаар хөөцөлдсөн боловч мөрөөдөл маань бүтээгүй
. Тэр үед Монгол социалист орон байсан. Манай Японтой дипломат харилцаа тогтоогоогүй учраас энэ хүсэл маань биелэх боломжгүй байв. Монголд очиж болох өөр зам судалтал эрдэм шинжилгээний ажлаар очиж болдгийг Үмэсава багшийнхаа амьдралаас мэдэж авсан. Үмэсава багш Монголд очоогүй ч гэсэн судалгааны ажлаар Афганистаны Хар Хорум ууланд орших жижиг тосгонд очиж Чингис хааны үед тэнд үлдсэн цэргүүдийн удмыг судалж байсан юм. Тэгвэл эрдэмтэн болбол зөв юм байна гэж шийдээд Киото Их Сургуулийн шинжлэх ухааны ангид орохоор шийдлээ. Тэнд Юкова гэдэг эрдэмтэн хүн байсан юм. Тэр хүн шиг сэргэлэн, ухаантай эрдэмтэн болох хүсэл маш их хүчтэй байв.
Тэр үед Хавайн аралд миний ээжийн ах Банзо Ханада амьдарч байсан билээ. Банзо Ханада ах нэлээн хөрөнгөтэй баян хүн байсан тул намайг тэнд аваачиж өмч хөрөнгөө өвлүүлэх сонирхолтой гэдгээ хэлсэн юм. Хавайд очиж амьдрахаар шийдэж хөөцөлдсөн боловч бас виз нь бүтдэггүй ээ. Би ахдаа учир байдлыг тайлбарлаж ерөөсөө Америк явахгүйгээр шийдсэн тухайгаа хэлж тохиролцсон билээ. Ингэж будилсаар явтал ахлах сургууль төгссөнөөс хойш гурван жил өнгөрчээ. Гэвч бас л Монголд очих сонирхол, хүсэл маань хэвээрээ байлаа. Миний найз Икүта Токиогийн Гадаад хэлний Их сургуульд Монгол хэлний анги байдаг тухай хэлсэн юм. Тэгээд л миний багын анхны хүсэл маань биелэх замдаа орж энэ сургуульд суралцах болсон. Би Икүта найзынхаа заасан ангид суралцаж хожим нь найзынхаа төрөл Мичико сантай гэрлэж сайн сайхан амьдарч байна. Миний найзууд надаас яагаад ийм жижиг улсын талаар сонирхож бүх амьдарлаа энэ орны төлөө зориулваа гэж асуудаг юм. Би юу гэж хариулдаг вэ гэвэл, Социализмын үед ч монгол найз байсан, зах зээлийн үед ч найз байсан. Тэтгэвэрт гарсан хойно ч олон найз байна. Бараг миний бүх найз монгол хүн. Энэ бол монгол хүний сэтгэл намайг татсаных гэж хариулдаг юм.
-Та Монголд тустай олон ажил санаачилж амжилттай хэрэгжүүлсэн. Таны сэтгэл хангалуун байдаг, үр дүнтэй болсон гэж үздэг ажлаасаа нэрлэнэ үү?
-Монголд туслах, хөгжилд нь хувь нэмэр болох санаа зөвхөн элчин сайдаар ажилласан жилүүдэд биш, түүнээс өмнө байсан. Мөн тэтгэвэрт гарсан хойно, хийж бүтээхээр санаж бодож байгаа олон ажил байна. Энэ талаар олон зүйл ярьж болох боловч би өөрөө бодож сэтгэж байгаад хийсэн зургаан ажлыг онцолмоор байна.
Нэгдүгээрт: Япон орон Монголтой дипломат харилцаа тогтоох санаачилгыг 1965 онд гаргасан юм. Дипломат харилцаа тогтоох нь тийм хялбар байгаагүй, харилцан бие биеэ ойлгох явдал чухал байв. Ялангуяа дайны төлбөрийн тухай Монгол Улсаас тавьж буй асуудлыг шийдвэрлэхэд их цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаардаж байлаа.
Хоёрдугаарт: Социализмын үед Монголтой хамтран ажиллах анхны эхлэлийг тавилцсан. Монголд эмнэлгийн тусламжийн машиныг Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар оруулсан нь Япон-Монголын хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн замыг нээсэн юм.
Гуравдугаарт: Монгол орныг зах зээлийн эдийн засагт шилжих хэцүү цаг үед дэмжих анхны алхмыг эхлүүлсэн.
Дөрөвдүгээрт: Монголыг дэмжих олон улсын хөдөлгөөнд монгол малчдыг дэмжих санаачилгыг би гаргасан юм. Монголын малчдад тохиолддог хамгийн хэцүү зүйлийн нэг бол зуд. Би зудыг олон жил судалсан. Энэ өвөл аль аймгийн ямар суманд зуд болж магадгүйг зарим монгол хүнээс ч илүү оновчтой хэлж чаддаг болсон юм. Хөдөөний малчдын хувьд харилцаа холбоо маш чухал гэдгийг ойлгож санаачилга гарган хөөцөлдөж холбоожуулсан. 2002 оны гуравдугаар сарын 9-нд говийн аймгаар маш их хүчтэй цасан шуурга болсны дараа та Их Хурлын дарга байхдаа надтай уулзаж шуурганы үед холбоо барьдаггүй нэг ч сум байгаагүй. Японы засгийн газарт, танд баярлалаа гэж байсныг одоо ч санаж байна.
Тавдугаарт: Японы ерөнхий сайдын Монголд хийх айлчлалыг санаачилж хэрэгжүүлсэн. Энэхүү айлчлалын үеэр Монголыг зах зээлийн тогтолцоонд шилжихэд нь дэмжих үндсэн хөтөлбөр бий болсон юм. Тэр үеэр Монголыг дэмжих донор орнуудын олон улсын хурал хийх санаачилгыг гаргаж дэмжүүлж чадсан.
Зургаадугаарт: Зах зээлийн эдийн засагт шилжих эхэн үед цахилгаан станцыг засах зэрэг тулгамдсан бэрхшээлийг давах зэргээр Япон улс гал унтраах маягаар тусалж байсан. Тэгвэл цаашид яах вэ гэдэг асуудалд анхаарч Японы тусламж үзүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлж түүний дотор боловсролын салбарыг хамруулах санаачилга гаргаж уг ажлыг эхлүүлсэн. Намайг элчин сайдаар ажиллах үед “Өвсний үндэс” хөтөлбөр хэрэгжиж олон сургуулийн барилгыг барьж, өргөтгөх ажил хийгдсэн.
-Чухамхүү ямар ажлыг хийж амжаагүй билээ, хийсэн бол маш чухал үр дүнд хүрэх ёстой гэсэн бодол танд байдаг уу?
-Байлгүй яах вэ. Одоо ч гэсэн бодогдож байдаг зүйл бий. Японы хөрөнгө оруулалт чухал гэж монголчууд үздэг. Япон-Монголын хамтарсан юм уу эсвэл Япон улс дангаараа үйлдвэр байгуулаач гэсэн хүсэлт их гардаг. Олон жил Япончууд очиж газар дээр нь судалсан. Зарим нэг хүн Монголд аж ахуй, жижиг үйлдвэр байгуулсан. Үр ашиг муутай байсан. Нэг япон хүн Монголд савангийн үйлдвэр байгуулах гээд судалсан чинь тэр үед Монгол хоёр сая илүүхэн хүн амтай байсан болохоор зах зээл дээр их л бодоход хоёр сая саван хэрэгтэй. Гэтэл орчин үеийн савангийн үйлдвэр цагт гурван зуун мянган саван хийдэг. Түүнээс багыг үйлдвэрлэвэл ашиггүй гэсэн тооцоо гарч байсан. Мөн Японоос ямар тоног төхөөрөмж авахаа маш сайн бодож тооцоолох ёстой.
Заримдаа сайн бодохгүйгээр тоног төхөөрөмж авснаас алдахад хүрдэг. Би “Говь” ноолуурын үйлдвэрт нийлүүлэх тоног төхөөрөмжийг авахдаа зарим нь гар ажиллагаатай машин байвал зөв гэж зөвлөж байсан. Гэтэл миний зөвлөгөөг авалгүй бараг бүгдийг нь автомат ажиллагаатай машин авсан. Миний зөвлөснийг анхаарсан бол зүгээр байсан юм. Одоо дэлхий дахинаар машинаар биш, гараар нэхсэн ноолууран эдлэл сонирхдог болж “Говь”-ийн хийсэн ноолууран эдлэлээс 2-3 дахин илүү үнэтэй болчихлоо шүүдээ. Ер нь цаашдаа гадны хөрөнгө оруулалтад найдах биш өөрийн хөрөнгө оруулалт хийх хуримтлалтай болох нь маш чухал. Гадны тусламж дэмжлэгээр хөгжсөн орон гэж хаа ч байдаггүй.
Монголын хөдөө аж ахуйн түүхий эдийг Японы өндөр технологиор боловсруулж дэлхийн зах зээлд гаргах явдал хамгийн чухал гэж боддог. Юуны түрүүнд Япон, Монгол улс хоёр оршин байдаг Зүүн хойд Азийн бүс нутагт Япон, Монгол, Өмнөд болон Хойд Солонгос, Хятадын хойд 3 аймаг, Өвөр Монгол, ОХУ-ын Сибирийг бүсчлэн нэгтгэж шинэ зах зээлийг бий болговол зохилтой. Ингэж бүсийн амьдралын түвшинг ойртуулах боломжтой. Европ ийм замаар хөгжлөө шүүдээ. Ингэвэл Монголын зах зээл тэлж гурван зуун сая хүн амтай бүсэд хөгжих болно. Би насны амралтад гарсны дараа энэ талаар их ажилласан. Зүүн хойд Азийн Тээврийн коридор сүлжээ нийгэмлэгийн даргаар ажилласан. Монголын салбар энэ тал дээр идэвх муутай байгаад харамсаж явдаг.
-Монголчуудын хувьд чухам ямар зүйлийг сайжруулаасай гэж та боддог вэ?
-Би Монголыг олон жил судалж, Монголын төлөө бие сэтгэлээ зориулж амьдралынхаа нэлээд олон жилийг тэдэнтэй хамт өнгөрүүлсэн болохоор Монголчуудыг сайн мэднэ. Гадныхан монголчуудыг цаг барьдаггүй залхуу гэж ойлгодог. Бүх хүн тийм биш. Монголчууд ялангуяа хөдөөнийхөн өвөл зунгүй, цаг наргүй их ажилладгийг би мэднэ. Цаг барьдаггүй гэдэг нь мал аж ахуй эрхэлж байсан уламжлалтай нь холбоотой. Японд ч нэг үе тийм байсан. 100 гаруй жилийн өмнө Ёкохомагийн усан боомтод ажиллаж байсан гадаад хүмүүсийн гаргасан сонинд япончууд залхуу учраас Японд хөгжлийн ирээдүй байхгүй хэмээн бичиж байжээ. Гэтэл өнөөдөр Япон яаж хөгжсөнийг дэлхий дахин харж байна. Өнөөдөр Монголд байгаа бэрхшээл зөвхөн танайд байгаа биш. Танайхаас ч бэрх цаг үеийг Япон орон туулсан. Дайны дараа Япон маш ядуу байсан. Мөн Хятад, Солонгос ч адил хүнд байсан. Бид зовлон туулж энэ зэрэгт хүрсэн. Хүн бүр ажил хийж, улсынхаа төлөө зүтгэвэл хэцүү бэрх цаг түүх болон үлдэнэ. Зарим монгол хүн үргэлж найдлага алдана, худал хэлэхдээ тоохгүй. Үүнийгээ засах хэрэгтэй. Гэхдээ Монгол хүнд би хайртай, Монгол хүний сайн тал нь муугаасаа хавьгүй их.
-Одоо миний сонирхоод байгаа боловсролын асуудал руу шилжье. Та монголын боловсролын талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
-Би Монгол хүний боловсролыг өндрөөр үнэлдэг. Одоо ч хэвээрээ. Танайх социализмын үед Оросын боловсролын тогтолцоог өөрийн болгож авсан. Энэ бол муу биш. Япон ч гэсэн эхлээд Герман,Английн системийг судалж Мейжигийн үед оруулж ирсэн. Түүнийгээ Япон тогтолцоо болгож чадсан. Өөрөөр хэлбэл япон хөрсөнд зөв суулгаж, арчилж, Япон хүүхдэд тохируулж болгож чадсан гэсэн үг. Монгол хүүхдүүд хурдан сэтгэдэг, түргэн юм сурдаг, их авьяастай гэж би үнэлдэг. Одоо олон улсын математик, физик, химийн олимпиадад болон оюун ухааны уралдаан тэмцээнд тэд ямагт тэргүүлж явна. Гуравхан сая хүн амтай орноос ийм хүүхдүүд төрнө гэдэг бол аргагүй л боловсролын сайных. Монголын математик, монголын физик, монголын хими гэж байхгүй учраас өрсөлдөхөд жинхэнэ дэлхийн хэмжээнд ямар байгааг харуулж буй хэрэг.
Гэхдээ засаж залруулах шинэчлэх юм байлгүй яахав. Одоо зах зээлд шилжсэнээр боловсролд бүр илүү анхаарч байгаа нь сайн хэрэг. Тан шиг монголын боловсролд, ганц боловсролд ч биш, монгол хүний ажиллаж болох бараг бүх шатанд ажиллаж үзсэн туршлагатай хүн боловсролыг судалж анхаарч байгаа нь маш чухал. Гадаад орны туршлагыг судлаад шууд нэвтрүүлэх биш, монгол хүүхдийн бие сэтгэхүйн онцлог, Монгол орны нийгэм эдийн засгийн онцлог, монгол уламжлал, соёл, зан заншилд тохируулж өөрчилж өөрийн болгох явдал чухал шүү. Хөдөө орон нутагт явж малчидтай уулзаж байхад байгаль цаг уурын тухай, малынхаа тухай маш өргөн мэдлэгтэй, өөрийнхөө амьдралын утга учрыг маш сайн ойлгодог нь харагддаг.
Өөрсдийн хувцас хунар, хоол ундаа улирлын байдалд тохируулан, эрүүл аж төрөх ёсонд суралцсан, хүн малын өвчнийг эмчлэхэд өвс ургамал, эрдэс бодис, амьтны гаралтай эмээ өөрсдөө бэлдээд хэрэглэчихдэг. Малчин бол амьдралын туршлагаараа ямар ч инженер, эмч, байгаль шинжээч, багшаас дутахааргүй өргөн мэдлэг, боловсролтой байдгийг би бишрэн хүндэлдэг. Тэднээс сурах юм маш их бий. Жинхэнэ боловсрол гэж л энэ байна даа гэж ойлгогдохоор байдаг. Энэ мэдлэг, чадвар, дадлыг хойч үедээ өвлүүлэхэд их анхаарах ёстой. Монгол хүүхдийг монголынхоо түүх соёлыг сайн судалдаг, түүгээрээ бахархдаг болгох явдал жаахан дутагдалтай байх шиг санагддаг. Өөр үндэстэн тухайлбал япон хүн Чингис хаанаар бахархаж, үзэл бодол, арга барилыг нь судлаад орчин үеийн нөхцөлд яаж ашиглаж болох талаар бодож зарим үр дүнд хүрээд байхад Монгол хүүхдүүд Чингис хаанаа бараг мэддэггүй. Монголын уламжлалт шашинг олон арван жил хориглосноос бас л мартагдсан. Одоо сэргэж байна.
Зөв арга замаар сэргээх ёстой. Ер нь хүн өөрийн гэсэн шүтэх юмтай байх ёстой. Та түрүүн миний бурхны өрөөгөөр орсон. Би нэлээд шүтлэгтэй шүү. Манай эхнэр Мичико намайг манай лам гэдэг юм. Монголчууд айлаас эрэхээр авдраа уудал гэдэг. Монголд газар доорх байгалийн баялаг, мал аж ахуй хоёроос гадна соёл, түүх, оюун санааны маш их нөөц бий. Түүнийгээ илүү их илрүүлж, хөгжүүлж ашиглавал Монгол аль ч талаараа дэлхийд тэргүүлэх боломж бий. Гадаад орны туршлагыг судлахдаа сайныг нь анхаарахын зэрэгцээ муу зүйл юу байна вэ, түүнээс яаж тойрч гарах вэ гэдгийг бас бодох ёстой.
-Японы боловсролын талаар таны бодлыг сургамж болгон сонсвол юу хэлэхсэн бол?
-Манай Японы боловсролд бас арилгах ёстой дутагдал байна шүү. Ганц хоёр жишээ хэлье. Хүүхдийг маш их завгүй үргэлж сургууль дээр нь хашиж байна. Ялангуяа ахлах сургууль маш их ачаалалтай. Өөрийн сургууль дээрх хичээлийг дуусаад хүүхэд бүр төлбөртэй сургалтад орой шөнө болтол явж байна. Тэр хүүхдэд шаардлагатай мэдлэгийг сургууль нь бүрэн, чанартай олгодог байх ёстой. Танай боловсролын системд бараг үсэг, тоо үзэж дуусаад л шинжлэх ухааны мэдлэг олгож эхэлдэг. Манайд аажмаар явж байгаад ахлах сургуульд нь шинжлэх ухааны мэдлэгээр огцом бөмбөгдөж эхэлдэг. Би танай долоодугаар ангийн математикийн сурах бичгийг манай дунд сургуулийн нэгдүгээр ангийн (манайхаар бол долоодугаар ангитай ижил) математикийн сурах бичигтэй тулган харьцуулж үзсэн.
Манай япон сурах бичигт тооны “их” “бага”-ын тухай ойлголтыг оруулсан байна. Монголд аль эрт үзчихдэг. Япон хүүхдэд ч гэсэн уг ойлголтыг эрт заахад ямар нэг асуудалгүй ойлгоно шүү дээ. *** Бид Японы туршлагыг авахдаа шууд шинжлэх ухааны мэдлэг өт ачаалал өгөхөө жаахан хойшлуулж монгол ёс заншил уламжлалаа эхэлж олгож Монгол хүн болгохоос эхлээд дараа нь шинжлэх ухааны мэдлэг олгох ёстой байгаа юм байна. Гэхдээ бас их хойшлуулж ахлах ангид нь хэт ачаалалтай болгохгүй байх ёстой ажээ. Цаг зав гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Би Японд ажиллаж байгаа болохоор дахин уулзахын ерөөл тавья.
*** Марохито Ханада гуайнх Ёокохама хотод зургаан өрөө байранд тухлаг сайхан амьдарч байна.Нэг өрөө нь Монголын тухай номоор дүүрэн тэр өрөөндөө голдуу ажлаа хийдэг ажээ. Тэнд ширээ сандал, компьютер, бичиг номын бүх хэрэгсэл байна. Нөгөө нэг өрөө бас дүүрэн номтой. Номоо сэдвээр нь биш Хятад, Солонгос, Орос, Америк гэх мэтээр орон орноор нь ангилсан байна. Өөрөө дипломат, олон улсын харилцааны мэргэжилтэн болохоор ингэж ангилах нь ашиглахад хялбар байдаг гэнэ. Нэг өрөөндөө зурагт, хөгжим, буйдантай, бэлэг дурсгалын зүйл өржээ. Ихэнх бэлэг дурсгал нь монголынх. Ханада гуайн эхнэр сайхан зантай эзэгтэй биднийг угтан авч хоол цай хийж завгүй үйлчиллээ. Монгол хүн ирнэ гээд хонины өөхтэй хавирга шарсан байв. Ханада гуай өөрийн гараар монгол маягийн маш амттай ногоотой гурилтай шөл хийж дайллаа.
Эх сурвалж:
3 comments
Бөөрийг минь худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Вэйн Кёрлийн ачаар бөөрийг минь зарах гэж маш их оролдсоны дараа үнэхээр их баярласан.
490,000 долларын үнэ тэдэнтэй DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM хаягаар холбогдоно уу.
ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг
Энэ нь манай засгийн газраас COVID 19-ийн санхүүгийн нөлөөлөлд өртсөн хүн бүрт ECT BANKS-аар дамжуулан 230,000 долларын дэмжлэг үзүүлэх санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлж байгааг олон нийтэд мэдээлэх сайхан мэдээ юм. Сонирхсон өргөдөл гаргагч өргөдөл гаргах ёстой.
http://WWW.ECTBANKS.COM/REG-ээр дамжуулан
Би Улаанбаатар Монголоос ирсэн Мөнхтөр байна
Би Бхавин эмнэлгийн доктор Люсиенпьегийн ачаар Монголоос ирсэн Эрдэнэбат байна
Энэтхэг тэд миний бөөрийг 380,000 доллараар худалдаж авсан, тэдэнд илүү их бөөр хэрэгтэй
Хэрэв та зарах гэж байгаа бол DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
бөөр чинь бас баян болоорой