Хүйтэн дайны эхэнд АНУ-тай өрсөлдөхийн тулд Орос, Хятад нь хамтран ажиллаж байсан бөгөөд энэ удаа ч мөн л хамтарч байна. Гэхдээ “том ах” нь Хятад болсон тухай сонирхолтой нийтлэл WSJ-д гарчээ. Зарим нэг санааг тэмдэглэснээ товчлон хүргэюү хэмээлээ.
- 1956 онд Индонезийн ерөнхийлөгч Сухарно Мао Зедунаас Хятадын эдийн засгийн талаар сонирхож асуухад тэрбээр Хятад орон ядуу, хөдөө аж ахуйн орон, “бага зэрэг алим, самар, гахайн үс, шош зэргийг л экспортлох бололцоотой” гэж шулуухан л хариулж байж.
1949 онд Мао Москвагийн ойролцоо зусланд Сталинтай уулзах гэж хаашаа ч хөдлөх эрхгүй хэдэн долоо хоног өнгөрүүлэхдээ төдийлөн итгэл хүлээхгүй этгээд гэж тооцогддог байж. Хятад, Оросын харилцааг илүү тодорхой, итгэлтэй болгохын тулд Бээжин Москвад ЗХУ-ыг хүчирхэг “том ах” гэж шулуухан ойлгуулжээ.
1950-иад онд Орос улс Хятадад мянга мянган инженер техникийн ажилтнаа илгээж Хятад улсыг үйлдвэржүүлэх, онгоц, танк, хөлөг онгоцны үйлдвэрлэлийн эхлэлийг тавьсан байна. 1960-аад оны дунд хоёр орны харилцаа муудсан ч Хятадад олон үйлдвэр байгуулагдсан байлаа. Тэрч байтугай цөмийн зэвсгийн технологио өгсөн хэмээжээ.
- Өнөөдөр хагас зууны дараа ширээ бүтэн эргэсэн байна. Энэ удаа “том ах” нь Хятад болжээ.
Баруунаас Оросын эсрэг авч байгаа хориг арга хэмжээ Оросыг улам бүр Хятад руу ойртуулж байна.
Орос, Хятад 1950-иад онтой харьцуулбал илүү нягтарч ажиллаж байгаа нь Америкийн аюулгүй байдалд илүү хортой болно гэж үзэж байгаагаа АНУ-ын Үндэсний тагнуулын дарга Dan Coats Сенатад танилцуулдаг жилийн илтгэлдээ энэ долоо хоногт дурджээ.
Гэхдээ гадаад бодлогодоо Орос, Хятад нэг болчихсон гэж хэлж болохгүй. Тухайлбал, Крымыг Орост нэгтгэснийг Хятадууд дэмждэггүй, Өмнөт Хятадын тэнгисийн маргаантай асуудлаар Орос Хятадыг дэмжээд байдаггүй байна.
Хятадтай хийж байгаа худалдааны дайн, Трампын Хятадын эсрэг явуулж байгаа бодлого Хятадын зүгээс Оросыг илүү үнэлэх нөхцөл бий болгож байгаа юм. Хятадын Олон улсын стратеги, бодлогын институтийн захирал “Орос, Хятад орнууд АНУ-ын нөлөөг хязгаарлах талаар стратегийн хувьд нэгдмэл ойлголттой, аль аль нь хоёр фронтоор тулах сонирхол байхгүй, тиймээс Хятад зүүн талаа, Орос баруун талаа хамгаалж байна” гэнээ.
- 1950-иад онд Орос, Хятад нь хамтарч ажиллахад тэднийг нэг коммунист үзэл суртал нэгтгэж байсан. Одоо энэ нөхцөл байдал алга болж. Дээр нь Хятадын эдийн засаг өнгөрсөн жил 6,6 хувиар, Оросын эдийн засаг 1,8 хувиар өссөн. Энэ нь эдийн засгийн хөгжлийн хувьд Орос, Хятад орон улам бүр холдож тасарч байнагэсэн хэрэг. Энэ нь олон улсын дэг журамд хоёр орон өөр өөр байр сууринаас хандах байдлыг бий болгож байгаа аж.
- Орос өнөөгийн дэлхийн дэг журмын хохирогч гэж өөрийгөө үзэж дэлхийн дэг журмыг үндсээр нь өөрчлөхийг хүсч байгаа бол Хятад өнөөдрийн дэг журмаас хожоо гаргаж чадаж байгаа учир дэлхийн дэг журмыг боловсронгуй болгох ёстой гэсэн хандлагатай гэнэ.
-
- Орос орон цэргийн хувьд хүчирхэг байгаа ч эдийн засгийн хувьд сулхан байгаа нь өөрийн нөлөөлийн бүс гэгдэх Төв Азийн орнуудад Хятадын “Нэг бүс, нэг зам” хөтөлбөр хэрэгжээсэй гэж л залбирах үлдэж байна.
“Эдийн засгаар бус, зөвхөн цэргийн хүчээр Супергүрэн байхад хэцүү. Хятад яваандаа цэргийн хувьд хүчирхэг болоход бидний хүсэл мөрөөдөл аажмаар өөрчлөгдөх биз” гэж Москвад төвтэй судалгааны хүрээлэнгийн захирал ярьж байна.
Эх сурвалж: М.ЭНХСАЙХАН paxmongolica.org