Дэлхий даяараа эрүүл хооллолтыг эрхэмлэх болсон энэ цаг үед хоол зүйч эрдэмтэд өдөр тутмын амьдралдаа хэрэглэж болох хамгийн эрүүл хүнсний ногоог нэрлэж байна. Эдгээр хүнсний ногоонууд нь хэдийгээр калори багатай боловч төрөл бүрийн витамин, амин дэмээр баялаг юм.
Нэг. Бууцай
Навчит ногооны төрөлд багтдаг бууцай нь магадгүй хамгийн их шим тэжээлтэй хүнсний ногоо мөн байж болох юм. Нэг аяга буюу 30 грамм бууцай таны өдөр тутам хоол хүнснээсээ авах ёстой нийт витамины 56 хувийг дангаараа өгч чадна. Дээр нь К витамины дутгадлыг ч нөхдөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Мөн бууцай нь их хэмжээний антиоксидантыг өөртөө агуулдаг бөгөөд өдөр тутам хэрэглэж чадвал архаг хууч өвчин сэдрэхээс хамгаалдаг гэнэ.
Хоёр. Лууван
Лууван таны өдөр тутам авах ёстой нийт витамины талаас илүү хувийг дангаараа өгч чадна. Ингэхийн тулд хоол зүйчид насанд хүрсэн нэг хүн өдөрт гурваас дөрвөн ширхэг лууван идэхэд буруудах зүйл огт байхгүй хэмээн зөвлөж байна. Энэ гайхамшигтай хүнсний ногоо өөртөө А витамин, бета каротиныг их хэмжээгээр агуулдаг. Харин лууван яагаад шар өнгөтэй байдаг шалтгааныг антиоксидантын их хэмжээний агууламжтай учраас хэмээн судлаачид тайлбарладаг. Антиоксидант бол хүний биед зайлшгүй хэрэгтэй бодис юм.
Гурав. Брокколи буюу цэцэгт байцаа
Энэ бол танай гэр бүлийн хөргөгчинд заавал байх ёстой ногоо яахын аргагүй мөн. Глюкозинолат зэрэг хүхрийн агууламж өндөртэй брокколиг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэснээр танай гэр бүл хорт хавдраас сэргийлэх боломжтой. Ялангуяа эмэгтэйчүүд хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд брокколи ихээхэн чухал үүрэгтэй болохыг эрдэмтэд судалж тогтоожээ. Мөн цэцэгт байцаа нь буйцааны нэгэн адил өдөр тутам хэрэглэж чадах юм бол хууч өвчин сэдрэхээс сэргийлдэг аж.
Дөрөв. Сармис
Сармис хүний эрүүл мэндэд ямар гайхалтай ач тустайг хүн төрөлхтөн бүр эрт үеэс мэддэг байжээ. Эртний египетчүүд сармисыг тарьж ургуулан хүнсэндээ хэрэглэхийн зэрэгцээ эмчилгээний зориулалтаар ашигладаг байсныг түүхийн эх сурвалжид бичиж үлдээсэн байдаг. Зарим судалгаагаар сармис нь цусан дахь сахарыг тэнцвэржүүлж, зүрхний үйл ажиллагааг дэмждэг болохыг тогтоожээ. Тиймээс хоолондоо сармис хийхгүй бол түүхийгээр нь хольж идэхийг хоол зүйч нар зөвлөж байна.
Тав. Навчит Брюссель
Монголчуудын төдийлөн сайн мэдэхгүй энэ ногоог баруун европ, америкчууд өргөнөөр хэрэглэдэг. Гаднаас нь харахад брокколитой төстэй энэ төрлийн ногоо калебероль, антиоксидант зэрэг шим тэжээлт бодисыг өөртөө агуулдаг. Уг ургамлын навчит нахиа бүхий хэсгийг нь өдөр тутмын хүнсэндээ хэрэглэж заншсанаар хүний бие дэх хэрэггүй хорыг гадагшлуулж чадна хэмээн судлаачид хэлж байна.
Зургаа. Кэйль
Мөн л монголчуудын сайн мэдэхгүй энэ ногоог цардуултай хүнсний ногооны төрөлд багтаадаг. Цардуул ихтэй учраас дээрхи ногоонуудаас ялгаатай нь калори ихээр агуулдаг гэж хэлж болно. Мөн карбон зэрэг бусад шим тэжээлт бодисыг ч ялгаруулдаг аж. Дээр нь витамин А, С, Е-г мөн дурьдаж болно. Судалгаагаар нас биед хүрсэн холестерин ихтэй 32 эрэгтэйд 12 долоо хоногийн турш өдөр бүр кэйлийн шүүс уулгахад холестериний хэмжээ нь 27 хувиар багассан үзүүлэлттэй гарчээ.
Долоо. Ногоон вандуй
Ногоон вандуй нь кэйлийн нэгэн адил цардуулт ногооны төрөл учир карбон зэрэг илчлэг ихтэй бодисыг өөртөө агуулдаг. Вандуйгаар дангаар нь хоол хийж идсэн ч болно хэмээн туршлагатай гэрийн эзэгтэй нар зөвлөдөг. Учир нь ногоон вандуй бол энд дурьдагдаж буй хүнсний ногоонуудаас хамгийн их тэжээллэг чанартай нь юм. Тиймээс үхрийн болон хонины махны оронд дан вандуйгаар хоол хийж идэхэд огтхон ч уургийн дутагдалт орохгүй гэдгийг сануулъя.
Найм. Швейцарийн навчит манжин
Хэдийгээр энэ ногоо нь уураг агуулдаггүй боловч их хэмжээний витаминтэй гэдгийг хэлэх хэрэгтэй. Нэг аяга буюу 36 грамм швейцарь навчит манжинд ердөө долоохон грамм уураг агуулагддаг хэдий ч үүнээс хэдэн арав дахин илүү магни, мөн А, С, К витамины хольцтой юм шүү. Навчит манжин сахарын өвчинд нэн тустай.
Ес. Гаа
Гаагаар мэдээж олон зүйлийг амталж болно. Ялангуяа төрөл бүрийн салат, зууш зэргийг. Хүмүүс цагаан гааны ач тусыг эртнээс мэдэж, эмчилгээний зориулалтаар ашигласаар иржээ. Бүр манай эриний өмнөх үед хүн төрөлхтөн гаа хэмээх энэ ногоог хүнсэндээ ашиглаж байсан баримт бий. Судалгаагаар цагаан гаа нь дотор муухайрахаас болон жирэмсний үеийн хордлогоос сэргийлэхэд нэн тустай болохыг баталжээ.
Арав. Амтат төмс
Энэ төмс бол бидний хэрэглэдэг ердийн төмснөөс ялгаатай. Илүү амтлаг, бас чихэрлэг. Ганцхан ширхэг чихэрлэг төмсний ердөө нэг тал нь хоёр грамм уураг, кали, марганц, мөн витамин В, С-г өөртөө агуулдаг гэнэ. Хорт хавдар, тэр дундаа хөхний хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй.
2 comments
Ямар хүмүүс урт наслахад тустай юм бол гэтэл, хүнс байж ээ
Энэ урт наслуулдаг хүмүүстэй чинь танилцдаг юм бил үү гэсэн чинь баахан ногоо байлаа гэж