Өнөөдөр Apple компани iOS мобайл үйлдлийн системийнхээ 12.1.4 хувилбарыг зах зээлд гаргаж байна. Шинэ хувилбар нь тус үйлдлийн системийн нэг функц болох FaceTime дүрсээ харж харилцах аппликэйшны алдааг засаж байгаа юм. Групп FaceTime буюу олуулаа холбогдож ярилцах үеэр дуудлагад хариу өгөөгүй байгаа хэрэглэгчийн яриаг бусад нь сонсож болдог алдаа байсныг Аризона мужийн дунд сургуулийн сурагч, 14 настай Грант Томпсон анх илрүүлж байв. Өөрөөр хэлбэл дуудлагыг хүлээж аваагүй байгаа хэрэглэгчийг өөрт нь мэдэгдэлгүй тагнах боломжтой байжээ.
Илэрсэн алдааг хүүгийн аав Apple компанид мэдэгдсэн ч эхэндээ хүлээн зөвшөөрөхгүй байв. Харин өчигдөр тус компани хүүгийн гавьяаг үнэлж, мөнгөн шагнал олгосон тухайгаа мэдээлжээ. Apple компани Томпсоны гэр бүлд мөнгөн урамшуулал олгож, хүү Грантынх нь сургалтын төлбөрт хандив өгөхөөр болсон байна. Гэхдээ хэр хэмжээний мөнгө өгч байгаагаа нууцалжээ. Apple компани гурван жилийн өмнөөс iOS системийн алдааг илрүүлсэн мэргэжилтнүүдэд шагнал олгох хөтөлбөр зарласан байдаг. Нэг удаагийн илрүүлэлтэд тэд $200,000 хүртэл шагнал амладаг юм. Гэвч мэргэжилтнүүд илрүүлсэн алдаагаа өөр этгээдүүдэд зарж илүү мөнгө олох боломжтой тул Apple-д хандах нь ховор гэнэ.
Эх сурвалж: The Verge