Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Бавуугийн ЛХАГВАСҮРЭН

Боржигоны бор тал

Санаа алдахад

Эхийн сүү тагнайд амтагдаж

Салхины үзүүр залгихад

Агь хоолойд аргасан

Боржигины бор тал минь Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог

Тэнгэрийн хэвтэр буурал тал минь

Таанын цагаан толгойноос өөр

Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь

Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл

Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь

Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь

Торго шиг зөөлөн байсан чи

Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж

Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад

Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг

Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи

Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд

Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг

Ботго нь үхсэн ингэний

Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг

Чи л залгиж зовлонг нь хугасалж

Чинэсэн хөхийг нь амирлуулсан

Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг

Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн

Чиний шарх

Зүрхний шархнаас хождож анина тал минь

Тугалын бэлчээрээс эхлэн

Тоглоом дэлгэсэндээ чи

Намайг эрх болгосон

Туулсан зуунуудын гашуун сургамжийг

Хэлж зүрхлээгүйдээ чи

Намайг гэнэн болгосон

Газрын нүдэн булгийн чинь

Хад цоолсон догшин цамнаа

Намайг эрэмгий болгосон

Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой

Хөх галын чинь урт улаан дөл

Намайг бадрангуй болгосон

Сайхан чинийг гандах элэгдэх хоёр

Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу

Намайг уяхан болгосон

Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн

Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл

Намайг хүн болгосон

Байдуу мянганы уулсаа дууриан

Толгойд буурад сууж

Багадаа хөхсөн эхийн сүү

Гадагшлахын цагт

Шүлгээ би чам дээрээ

Хүн улуу шиг орхиод

Сүүдрээ дарж унахдаа

Элгий чинь цөмлөн шингэнэ

Боржигины бор тал минь

******

Цэргийн хар

Маршал Чойбалсангийн мэргэн буудагч,

Матадын дивизийн ахлах түрүүч,

Манаргаж явлаа ах чинь гэж ирээд хөөрдөг эрийг

Манай нутгийнхан цэргийн хар гэх.

Халагдаад ирэхдээ хэнээ тусчихсан юм даа.

Хайран амьтан гэх нь хоёр гурав.

Цэргийн хар хэнхэг амьтан гэж

Цэрвэх хүн хорь гуч.

Өрөөсөн гар дээрээ таван хошуу шивсэн

Өвөл зунгүй шинэль чирсэн өвгөн

Өргөн нэвтрүүлгээр “цэнхэр дурдан алчуур”-ыг дуулахад

Өвдгөө нортол уйлж суух.

Байлдааны бэлэн байдалд байх хэрэгтэй яаж мэдэх вэ гэж

Айлуудаар ярьж явсан улс төрийн хэрэг

Байнга зүүж явдаг дугуй цэнхэр тэмдэгнийхээ үсгийг

“Аавгүй устга мянга есөн зуун гучèí ес” гэсэн үг гэж орчуулж

Ам цуурсан хэргээр жил зургаан сарын тэнсэн авч

Жимсээ гүвсэн мод шиг горойж явсан эр.

Залуу насны минь хийморь шүншиг

Жанжин туг шигээ босоо байж үхнээ гэж

Жаалуудаар тойрон хүрээлүүлж

Жавьжаа хөөсөртөл ярьж л суудаг хөгшин.

Халх голын дайны амьд сум,

Хал үзсэн хуучин цэрэг,

Хорхойд хоргүй хар өвгөн

Хоньтын нуруугаар нутаглах.

Хамгийн их шунадаг юм нь

Халагдсан цэргээс дүрэмт хувцас гуйх.

Халгаатай юм нь юу гэвэл

Хажуудах хүнээ яриулахгүй дарамт болох.

Таана хэнзэлсэн нэгэн сайхан намар

Тээр тэндээс ирсэн л гэдэг

Хар гүйхээрээ л явдаг хүн сажилж ирсэн гэдэг

Хаяанд ирчихээд мориноосоо буухгүй болохоор нь

Харсан чинь цулбуураа чирсэн бэлбэсэн хүрэн морин дээрээ

Цуутай боржигон эмээл дээрээ амьсгал хураан хөшиж

Цухал тухалын орчлонг орхисон байсан гэх.

Тэр болгонтой огт адилгүй явж

Тэнгэрийн заадаснаас алдуурч унасан

Залуу насны хийморь шүншиг

Жанжин туг шигээ босоо үхнээ гэсэн үгэндээ хүрсэн

Үргэлж л эх орон дуудах бий гэж

Øөнөжин сэрвэлзэж хонодог

Үхсэн хойноо ч цэрэг байсан,

Ýгэл тэр өвгөнийг цэргийн хар гэх.

Төөрсөн од шиг булшны шархыг сарны гэрэл долоож байдаг

Туурсан зуны алаг цэцэгс салхинд гунхан илж байдаг

Цэргийн харын булшийг мартсан, тэнд гэж олохгүй,

Цэргийн хар гэж хүн байсныг бүр мартсан, тийм хүн олдохгүй.

Ижийтэйгээ байхад би баян байсан

Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг

Yнэнээ хэлье

Нулимсаараа зуурч хэлье

Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг

Yнэнээ хэлье

Амьсгалаа зангидаж хэлье

Ижийтэйгээ байхад би баян байсан…

Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад

Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан

Ижий минь инээгээд над руу ирэхэд

Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан

Ижийтэйгээ байхад би баян байсан

Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд

Аараг толгодын элс алтаар нурдаг байсан

Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож

Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан

Ижийтэйгээ байхад би баян байсан

Судас нь лугшиж халуу дүүгсэн

Бурханы өвөр дээр тоглодог байсан

Сүнс зайлам харанхуйн дунд

Сүү нөмөрч унтдаг байсан

Ижийтэйгээ байхад би баян байсан

Уул уулын орой уулздаггүй шиг

Yнэнээ хэлье

Эсээ шатааж хэлье

Урсгал усан эргэж урсдаггүй шиг

Yнэнээ хэлье

Цусаа буцалгаж хэлье

Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон

Гэхдээ…

Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон

Ижийтэйгээ байхад би баян байсан

Чилтлээ ширтэх,харчуудын нүдэнд хордсон

Чиний үзэсгэлэнд өөрийн чинь юм нэг ч байхгүй

Төөрөг заяа чинь тэнгэр эцгийнх

Төрсөн бие чинь газар эхийнх

Нулимс чинь хөх булгийн ус

Инээд чинь хөөрүү хадны цуурай

Эрвэлзэх сормуус чинь хиаг өвснийх

Элбэг сөвх чинь харвасан ододынх
Илүү зангүй дөлгөөн чинь уулынх
Их тунгалаг зүс чинь сарных
Өнгө, сүүдрийн хорвоогоос булааж авсан үзэсгэлэн чинь
Өгсөн юм болохоороо буцааж чамаас авна
Гайхуулж яваа үзэсгэлэнгээс чинь
Ганц ч юм чиниих бишээ амраг минь
1990 он

Би
Ижийг минь төрөх гээд ёолоход
Зуун цэцгийн дэлбээ тасарсан ч
Намайг төрөөд чарлахад
Мянган цэцэг цомирлогоо дэлгэжээ

Намайг төрлөө гэж
Дэлхийн жин нэмэгдээгүй ч
Би яахын аргагуй нэмэгдэхүүн
Би газар, тэнгэрийн хүү
Дуртгал маргааш хоёрын хэлхээ
Дуу нулимс хоёрын голтриг
Хоёр туйлыг холбосон уртраг
Төрөх үхэхийн дундах бодгаль
Гэрэл сүүдрийн цогц
Өөрийгөө элээж
Өрөөлийг ирлэж дуусах
Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий
Би
Дороо эргэлдэх өдөр шөнө
Нарыг жилдээ нэг тойрох
Газрын хаан
Намайг тэврэх гэж ярагдсан газрын шархыг
Нар алтан утсаар хөвөрдөхийн цагт
Би хасагдахуун

By updown

One thought on “Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн: Боржигоны бор тал”
  1. Ай хөөрхий шүлэгч минь чи Атаа алдар хоёрыг туучаад Өвгөдийн араас өнө мөнхийн орноо зорилоо Ум сайн амгалан болтугай

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн