Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, дэд сайд, газрын дарга нар мал аж ахуйн өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцах ажлаар орон нутагт томилолтоор ажиллав. Энэ жил ихэнх нутгаар цас ороогүйн улмаас мал усгүйдэж, малчид малаа 3-5 км газар тууж худгаас услаж байна. Баруун бүсийн зарим аймагт цас ихтэй байгаагаас мал өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа юм.
Сар шинийн өдрүүдэд нийт нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, явган шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс урьдчилан мэдээлээд байна. Тодруулбал,
2019 оны хоёрдугаар сарын 5-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 7-нд нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний цас орно.
Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7,8-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр, хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэн. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.
Иймд мал төллөх хугацаа ойртож байгаа энэ үед малаа алсын бэлчээрт бэлчээхгүй, бага насны хүүхдээр мал хариулуулахгүй байх, хувийн бэлтгэлээ сайтар хангаж, дулаан хувцастай малаа хариулах зэргээр сонор сэрэмжтэй байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн анхааруулж байна.
Сар шинийн баяраар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хариуцлагатай жижүүр, “Малчин лавлах 109 мэдээллийн төв”-ийн утас тус тус ажиллаж байгаа тул цаг үеийн шуурхай мэдээллийг өгч хамтарч ажиллах хэрэгтэй юм.
Эдгээр өдрүүдэд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон суманд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, мэдээллийг шуурхай хүргэх ажлыг зохион байгуулахыг зөвлөж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ