Huaxia банкны Бээжин дэх салбарын мэдээллийн технологийн ахлах инженер, 43 настай Чин Чишень банкны програмын цоорхойг ашиглан их хэмжээний мөнгө хулгайлаад 10.5 жил шоронд хоригдох ял сонсчээ.
Шөнө дунд тодорхой цагт ATM-ээс авсан бэлэн мөнгө бүртгэгдэлгүй өнгөрдөг болохыг олж мэдсэн Чиншень энэ хэргээ хэсэг хугацаанд үйлдсэн байна. Байцаалтын үеэр тэр системийн цоорхойг засахын тулд хийсэн туршилт хийж байсан, авсан бэлэн мөнгө нь үрэгдээгүй, хадгалагдаж байгаа гэж мэдүүлсэн ч банкны удирдлагууд цагдаагийн байгууллагад өгчээ.
Түүний шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, нийт $1 сая орчимтой тэнцэх бэлэн мөнгө хулгайлсан хэргээр 10.5 жил шоронд хоригдох ял сонссон байна.
Чин Чишень системийн алдааг 2016 онд илрүүлж, тухайн оныхоо арваннэгдүгээр сард бэлэн мөнгө авдаг жижиг програм бичиж, нэвтрүүлжээ. Ингээд жил гаруй хугацаанд нэг удаадаа 5000-20000 юанийг ($740-$3,000) хуурамч данс ашиглан гаргаж эхэлсэн нь 2018 оны эхээр нийтдээ долоон сая гаруй юань болсон байна.
Авсан мөнгөө тэр хувийн дансандаа хадгалж, зарим хэсгээр нь хөрөнгийн зах зээлээс хувьцаа худалдан авчээ. Чи Чишень баривчлагдахаасаа өмнө авсан бүх мөнгөө банканд буцааж өгсөн ч удаан хугацаанд системийн ноцтой алдааны талаар нууцалж байсан нь буруутай гэж үзээд шүүх ял шийтгэл оноосон байна. Тэрээр давж заалдсан ч шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Эх сурвалж: South China Morning Post