Айлчлан ирж буй XVII жарны “Урвуулагч” хэмээх Шороон Гахай жилийн Сар шинийн баярын мэндийг хүргэе.
Монголчууд та бид эрт дээр үеэс азай буурлууддаа хүндэтгэл үзүүлж, ахан дүүстэйгээ уулзан золгож, ардын сайхан үгээ хэлэлцэж, аз жаргал, амжилт бүтээлийг бэлгэдэн ерөөдөг Сарын шинийн баяр тохиож байна.
Нийслэлийн ИТХ-аас улиран одогч нохой жилд Улаанбаатар хотод тулгамдаж буй бэрхшээл, хүндрэлтэй олон асуудал, тэр дундаа авто замын хөдөлгөөний ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулах, амьдрах орчны аюулгүй байдлыг хангахтай холбоотой тѳсѳл, төлөвлөгөө боловсруулан, цөөнгүй ажил өрнүүллээ.
Бид айлчлан ирж буй Шороон гахай жилд иргэдийнхээ эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлаа улам эрчимжүүлэх болно.
Энэ хүрээнд нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институт байгуулж, Улаанбаатар хотыг илүү шинжлэх ухаанч судалгаа тооцоо, ухаалаг технологид тулгуурлан хөгжүүлэх ажлыг эхлүүллээ. Мөн бүтээн байгуулалт, тэр дундаа улс, нийслэлийн төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд худалдан авах үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, үр ѳгѳѳжтэй хэрэгжүүлнэ.
Улаанбаатар хотын удирдлага 2019 оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон ажиллаж байна. Энэ жил нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ой тохиож байгаа бѳгѳѳд энэ хүрээнд баяр наадам, хурал зѳвѳлгѳѳн зэрэг уламжлалт арга хэмжээнээс илүү бүтээлч, хөгжилд тэмүүлсэн бүтээн байгуулалтыг өрнүүлэх болно. Ингэхдээ нийслэлийн иргэд, оршин суугчид Та бүхний санал, санначлагыг бодитой тусгаж, хотоо хамтдаа хөгжүүлэх бодлого баримтлан ажиллахаа энэ дашрамд уламжилъя.
Нийслэлчүүд та бүхэн учран золгож буй Гахай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, өрнүүн их үйлийг бүтээхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА С.АМАРСАЙХАН