Монгол түмэн уламжлалт баяр болох сар шинээрээ бэлэг дэмбэрэлтэй гэсэн үйлс бүхнийг хийж, үг бүрийг хэлэхийг зорьдог. Энэ нь дараа жилийн өнгөө засч, шинэ оныг ерөөл дүүрэн сайхан угтаж буйн бэлгэдэл билээ.
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрээ цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй /шинэлж байна уу/
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй /тэмдэглэж байна уу/
Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын сэтгэлээ сэлбэж,
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж,
Ургаж байгаа шинэ жилдээ гэр дүүрэн жаргалтай.
Сэтгэл дүүрэн баяртай. Ширээ дүүрэн идээтэй.
Өрх бүлээрээ сайхан битүүрч. Өргөн олноороо сайхан шинэлээрэй /шинэлж байна уу/
Тэнгэрийн өнгөтэй хадгандаа ерөөл нэмэн золгож
Тэргүүн сарын шинэдийг жаргал дүүрэн угтаарай /угтав уу/
Тунгалаг алтан наранд сүүн цацлаа өргөж
Гахай жилийн өглөөг сайны ерөөлтэй угтаарай / угтав уу/
Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж,
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй /шинэлж байна уу/
Найман зууны түүхийг
Нар зөв хурайлсан
Намхан хүлэгээ унаж
Дэлхий зулайд омoгшсон
Нар сүлдтэй Монгол түмэн минь нохой жилээ үдэж
Настан буурлаа цэнгүүлэн гахай жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан Монгол заяа
Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингэсийн угсаа
Сааршгүй сайныг бэлгэдэх эцэг дээдсийн заншилтай
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учралтай
Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй /шинэлж байна уу/.
Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй /шинэлж байна уу/
Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй /шинэлж байна уу/
Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны жаргалтай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй /шинэлж байна уу/
Үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч,
Үр удам зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж
Юу санасан есөн цагаан хүсэл нь биелэн
Буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй /шинэлж байна уу/
Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлээрэй /шинэлж байна уу/
Дээрээ тэнгэрийн нартай
Дэргэдээ ханийн нартай
Өвөр дээрээ үрийн нартай
Өөдлөн дэвшиж, өсөн дэвжиж яваарай
Таваг овоолон идээтэй, цараа бүрхсэн ууцтай
Жигнүүр дүүрэн буузтай, жүнз хальсан сархадтай
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай
Сар шинэдээ сайхан шинэлээрэй /шинэлж байна уу/
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад
Аагтай шаргал цай нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй /үнсүүлье/
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой /золгоё/.
Сүрэг мал нь super тарган
Сүү идээ нь fresh сайхан
Даага давхар далавчтай
Бяруу бакь булчинтай
Төрлөөрөө түвшин nice
Бултаараа буянтай happy
Айл хотлоороо нуль party
Алт мөнгө авдраар full
Хямралыг chance болгож
Эвдрэлийг эвлэрэл болгож
Everyday энх тунх
Anytime эрүүл саруул
Ондоо ок Сардаа сак
Ноён нуруу тэгш Nо problem амьдраарай.
Мөнгөн хөх тэнгэрээ шүтэн хувь заяагаа даатгаж
Мөнгөн сарны тойргоор цаг хугацаагаа хэмжье
Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр
Хатан өвлийн жаврыг уяраан золгох ерөөлөөр
Буурал өвгөд халуун ам бүлээрээ
Буян заяагаа тэгшитгэн Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй /шинэлж байна уу/.
Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй /үнсүүлье/
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье.
Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад
Аагтай шаргал цай нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй /үнсүүлье/
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгож, сар шинэдээ сайхан шинэлээрэй /шинэлж байна уу/.