УИХ-ын чуулганы нэгдсэн отгон хуралдаанаар өнөөдөр (2019.02.02) Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Эхлээд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнийг томилох талаар хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд үг хэлж, асуултандаа хариулт авч дууссаны дараа Байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураалт явуулав.
Ингээд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайдад дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад 59 гишүүнээс 52 нь буюу 88.1 хувь нь дэмжлээ.
Дараа нь Ё.Баатарбилэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад нэр дэвшсэн асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нэр дэвшигчдийн асуудлыг нам дээр, бүлэг дээр ярьсан учир дахин дахин ярих шаардлагагүй, харин цөөнхөөс яриулъя гэдэг байр суурийг илэрхийллээ. Тэрээр “Ард маш олон асуудал байна. Алсын замд үдэж өгөх гэж байгаа юм шиг захиас захисан улс. Энийгээ зогсоогоод санал хураалгаж өгөөч” гэсэн горимын санал гаргасныг 60 гишүүний 46 нь буюу 76.7 хувь нь дэмжив. Тиймээс байнгын хорооны саналаар санал хураалт явуулж, Ё.Баатарбилэгийг БСШУС-ын сайдаар томилохыг 59 гишүүнээс 54 нь дэмжлээ.
Мөн Б.Энх-Амгалан гишүүнийг ЗТХ-ийн сайдаар томилох үед гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа захидаг захиас үргэлжилсээр байв. Энэ удаад Б.Пүрэвдорж гишүүн шууд санал хураалт явуулах горимын санал гаргахад 59 гишүүнээс 42 нь дэмжсэн тул байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураах болов. Мөн энэ үеэр Ж.Энхбаяр гишүүн горимын санал гаргалаа. Тэрээр “зэвсэгт хүчинд гарсан хэргүүдтэй холбоотойгоор ЗХЖШ-ын даргыг томилох шаардлагатай байна. Уг нь өдөрт нь чөлөөлж, өдөрт нь томилох ёстой. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна” гэсэн саналыг хэллээ.
Ингээд Б.Энх-Амгаланг ЗТХ-ийн сайдаар томилох байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад 96.7 хувиар буюу 60 гишүүний 58 нь дэмжлээ. Ийнхүү удаан хугацаанд хүлээлттэй байсан Засгийн газрын гишүүдийн суудал эзэнтэй болж, У.Хүрэлсүхийн танхим бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах боломж бүрдлээ.
1 comment
ждү нөхөр мөнүү шүүхээс дуудвал яана болиочээ