УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.02.02) хуралдааны эхэнд өнөөдөр хэлэлцэх асуудлын дарааллыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Болд байр сууриа илэрхийлэхдээ нэлээд бухимдсан. Товчхондоо намаас гишүүдээ хөөсөн АН УИХ-д бүлэггүй болсон гэдгийг хэлж байсан. Улмаар Д.Оюунхорол гишүүн тэдний хооронд ширүүхэн маргаан өрнөөд авсан юм.
Тэгвэл Л.Болд гишүүнийг АН-аас яагаад гаргахгүй байгаа талаар АН-ын дарга С.Эрдэнээс тодрууллаа. Энэ талаар “Ямар нэгэн байдлаар энэ хүнийг бариад торгоогоод байгаа юм ерөөсөө байхгүй. Энэ хүн бол ХУД-ийн АН-аас нэр дэвшиж сонгогдсон. АН-ын үндсэн дүрмийн хүрээнд ХУД-ийн АН шийдвэрээ гаргаж ирүүлэх байх. Тэр үед нь бид асуудлыг шийднэ.
АН-ын буянд Монгол төрөөс эдэлж болох бүх л эрх мэдэлд хүрсэн хүн дээ. Би аашилж байхад нь байсангүй, нөхөж харлаа. Үнэхээр харамсаж байна. Ийм туршлагатай хүн, АН-ын мянга мянган гишүүдийн буянд сонгогдож хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүн өнөөдөр нам руугаа нулимаад зогсож байгаад харамсаж байна.
Ер нь бүлэг гээд сүйд болоод байх юм байхгүй. Бүлэггүй явсан туршлага угаасаа бий. Бүлгийн оронд зөвлөл байгуулаад ажиллаж байсан. Бүлгийн ажлын албанд орон тоогоор 6-7 хүн ажилладаг. Энэ хүмүүсээ ямар ч байсан ажилтай, орлоготой байлгаж дөнгөнө. Хэрэв бүлэггүй боллоо гэхэд зөвлөл байгуулаад улс төрийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах бүрэн боломж байгаа. Бүлэг гэдэг зүйлд ганц завсарлага авах эрх л бий. Хэт цөөнх байгаа үед завсарлага манайд тийм ч хүчтэй нөлөө үзүүлдэггүй. Нэг цагийн хүртэл завсарлага өгч доромжилдог шдээ.
Бүлэггүй болсноор хяналтгүй болно гэж ойлгож болохгүй. Бид сөрөг хүчний гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлээд ажиллаж байна” гэсэн тайлбарыг өгч байна.
Тэгэхээр ХУД-ийн АН УИХ-ын гишүүн Л.Болдыг торгоолгүй өргөдлийг нь шийдэж, төв намдаа танилцуулаад асуудлыг эцэслэх ёстой юм байна. Намынх нь даргын тайлбарласнаар гацаа тэнд л байгаа аж.