Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гурван гишүүнийг томилох шийдвэрийг УИХ-ын нэгдсэн чуулганаас өчигдөр (2019.02.01) гаргалаа. Шинээр томилогдсон гурван гишүүний хоёр нь төрийн албан хаагчдын төлөөлөл болон томилогдож буй юм.
Төрийн албаны тухай хуульд Төрийн албаны зөвлөл нь орон тооны 5 гишүүнтэй байхаар заасан бөгөөд тэдгээрээс 2 гишүүнийг нь төрийн албан хаагчдын төлөөллөөс сонгон шалгаруулахаар хуульчилсан. Хуулийн дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ыг батлан гаргаж, 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулж сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан юм. Сонгон шалгаруулалтад нийт 15 төрийн албан хаагч бүртгүүлж, 8 нь сонгон шалгаруулалтад оролцсоноос Д.Зүмбэрэллхам /113.1 оноо/, Д.Баатарсайхан /89.78 оноо/ нар хамгийн өндөр оноо авсан тул Төрийн байгуулалтын байнгын хорооноос Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэн УИХ-аар хэлэлцүүлж ийнхүү батлуулав.
Харин Б.Идэрчулууныг Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан юм. Төрийн албаны зөвлөлд Ерөнхийлөгчийн Тамгын газраас томилсон Б.Цогоогийн бүрэн эрхийн хугацаа өндөрлөж байгаа тул ийнхүү шинэ гишүүний нэр дэвшүүлэн мөн батлууллаа.
Мөн чуулганаар Төрийн албаны тухай хуулийг дагалдан гарч буй дүрэм, журмын заримыг батлав. Тухайлбал, “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
1 comment
Д.Зүмбэрэллхам /113.1 оноо/, Д.Баатарсайхан /89.78 оноо/ энэ 2 хүн аль төрийн албаны төлөөлөөс орж шалгалт өгсөн бэ. Хуучин төрийн албаны зөвлөлд ажиллаж байсан хүн шиг байхийн