НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефен Дужаррик “2018 онд НҮБ-ын 34 ажилтан халдлагын улмаас амиа алдсан байна. Энэ нь сүүлийн таван жилийн хамгийн бага үзүүлэлт боллоо. Нас барсан 34 хүний 26 нь энхийг сахиулагч, 8 нь энгийн ажилтан юм” гэлээ. Тэрээр өчигдөр (2019.01.31) хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ингэж хэлсэн байна.
НҮБ-ын үйлдвэрчний эвлэлийн зүгээс НҮБ-ын ажилтнуудад шаардлагатай бүхий л нөөц бололцоог нь бүрэн хангаж, халдлага хийсэн хүмүүсийг хуулийн дагуу хатуу шийтгэхийг НҮБ болон түүний гишүүн орнуудад хандан уриалжээ.
НҮБ-ын гаргасан тоо баримтаас үзвэл, 2012 оноос хойш НҮБ-ын 344 ажилтан зохион байгуулалттай, зориудын халдлагын улмаас амиа алдсан байна.