Монголбанк 2019 оны нэгдүгээр сард 597 кг алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 1.1 тонн алт худалдан авч байснаас 531 кг дутуу буюу 47 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нэгдүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 13 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 3 кг алт худалдаж авсан үзүүлэлттэй байгаа юм.
Монголбанкны алт худалдан авалт өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа нь “Ашигт малтмалын тухай хууль”-д 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү болгосон хуулийн хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болсонтой холбоотой гэж Төв банкнаас мэдэгдэж байна. 2019 оны нэгдүгээр сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 109,728.25 төгрөг байлаа.