ЦЕГ-ын даргын тушаалаар “Сар шинэ 2019” арга хэмжээ орон даяар үргэлжилж байна. Уг арга хэмжээний үр дүн болон онцлогийн талаар Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Э.Баярбаясгалангаас тодрууллаа. Гэхдээ бид тооны өсөлт, бууралтыг дурьдахаас илүүтэй учир шалтгаан талаас нь хөндсөн юм.
-Цагдаагийн байгууллага “Сар шинэ 2019” арга хэмжээний хүрээнд ямар асуудал дээр голлон анхаарч ажиллаж байгаа вэ. Ямар төрлийн гэмт хэрэг, зөрчил хамгийн их илэрч байна вэ?
-Энэ жилийн хувьд Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ” арга хэмжээг зохион байгуулахдаа юун дээр анхаарсан бэ гэхээр хугацааны хувьд өмнөх жилүүдээс илүү эрт эхлүүлсэн байгаа. Хоёрдугаарт юугаараа онцлогтой вэ гэхээр, дуудлага болгон дээр хүрч ажиллана гэж зорьсон. Нэг дуудлагыг ч өнгөрөөлгүйгээр нарийвчлан нягталж шалгана. Гуравдугаарт, аж ахуйн нэгж байгууллагуудыг үйл ажиллагаандаа татан оролцуулж байна. Камержуулалтыг сайжруулах, мөн иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар, өөрийн эд хөрөнгөдөө хямгатай байх талаар уриалга гаргах гэх мэт олон давуу талтайгаар хэрэгжиж байна.
Энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд хамгийн их илэрч байгаа гэмт хэрэг бол хулгайн гэмт хэрэг байна. Хулгайн гэмт хэрэг дотроо халаасны хулгай их байна.
-Энэ их ачаалалтай ажлын үеэр хуурамч дуудлага, мэдээлэл хэр их ирж байна?
-Хуурамч дуудлага мэдээлэл өгвөл Зөрчлийн тухай хуулиар 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээтэй. Хуурамч дуудлага мэдээлэл өгч зөрчил үйлдсэн этгээдэд арга хэмжээ тооцож, цагдаагийн байгуллагаас мөн хуурамч дуудлагын хор уршгийн талаар тайлбарлаж өгдөг. Зөрчлийн хууль хэрэгжээд, хүмүүс торгуулиад эхлэхээр хуурамч дуудлагын асуудал буурсан байгаа.
-“Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гарч байгаа үр дүнгийн талаар тоо гэхээс илүү учир шалтгааны хувьд тайлбарлаж өгөхгүй юу. Хэрэг, зөрчлийн тоо нэмэгдсэн гэсэн үзүүлэлтийг иргэд ямар утгаар нь ойлгох ёстой вэ. Аливаа хэргийн илрүүлэлт нэмэгдэхийн хэрээр зөрчил, хэргийн гаралт буурна гэж ойлгож болох уу?
-“Сар шинэ 2019” арга хэмжээний хүрээнд хулгайн хэрэг, дээрмийн хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл буурсан үзүүлэлттэй байна. Буурч байгаа шалтгаан нь хэд хэдэн талтай гэж харж байгаа юм. Манай иргэдийн эрх зүйн мэдлэг дээшилсэн. Цагдаагийн үйл ажиллагааг маш сайн дэмждэг, мэдээлдэг болсон. Зөрчил болон гэмт хэрэг гэдгийг мэддэг, ялгадаг, ойлгодог болсон байна. Нөгөө талаас, цагдаагийн алба хаагчид дуудлага болгон дээр очиж ажиллаж байгаа учраас үр дүнгээ өгч байна.
Тухайн хэрэг, зөрчлийн эзэн холбогдогч нь цагдаагийн алба хаагчийг дуудлагаар очих үед гараад зугтаасан байлаа гэхэд “зутчихаж” гээд дуудлагыг хаалгүйгээр, дараагийн дуудлага ирэхээс урьдчилан сэргийлэх үүднээс заавал олж хэрэг, зөрчил үйлдсэн эсэхийг нь тогтоогоод хуулийн хариуцлага ногдуулж байгаа. Тэгэхээр гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурахад нөлөөлж байна гэсэн үг. Жишээ нь, автобусны буудал дээр халаасны хулгай хийсэн этгээдэд арга хэмжээ аваагүй, тэр дуудлагыг эргэж шалгалгүй орхисон тохиолдолд дахиад өөр буудал дээр хулгай хийнэ. Ийм байдлыг бид таслан зогсоож чадаж байгаа. Тухайн гэмт үйлдлийн араас явж, барьж чадаж байгаа учраас дараагийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж чадаж байна гэсэн үг.
Цагдаагийн хэлтсүүд хэрэг болгоны ард ажлын хэсэг байгуулагдаж ажилладаг болсон. Жишээлбэл шинжээч гарын хээгээ авч, мөрдөгч нь бусад мэдүүлгээ нотолж, эрүүгийн төлөөлөгч тухайн хэргийнхээ араас явах гэх мэтээр багаар шалгаж байгаа учраас үр дүн сайн гарч байгаа. “Сар шинэ 2019” арга хэмжээний онцлог нь энэ юм.
-Тайлбар мэдээлэл өгсөн танд баярлалаа.