Улс төр

Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн нийслэлийн дарга нарт хариуцлага тооцжээ

АТГ-аас нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон түүний харяъа байгууллагын зарим албан тушаалтнуудын 2016, 2017 оны хувийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хянаж, шалгасан байна. Уг шалгалтаар нийслэлийн харяъа байгууллагын 10 дарга хөрөнгө орлогоо “нуун дарагдуулсан” зөрчил илэрсэн тул хуулийн дагуу арга хэмжээ авахыг АТГ-аас анхааруулсан юм. Энэ хүрээнд хөрөнгө орлогоо зөрчилтэй мэдүүлсэн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа, Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл нар чөлөөлөгдсөн бол агентлагийн дарга Б.Мөнхбат нь шийтгэл хүлээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат хамаарал бүхий хүнээ харьяа газрынхаа Барилга захиалагч хэлтсийн дотоод үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр томилсон нь илэрч, цалингаа гурван сарын хугацаанд 30 хувиар торгуулах шийтгэл хүлээсэн байна. Харин нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Ж.Дамдинцэрэн гэр бүлийн гишүүнийхээ нэр дээр бүртгэлтэй автомашиныг Хөрөнгө орлогодоо мэдүүлээгүйгээс цалингаа гурван сар хүртэлх хугацаанд 30 хувиар торгуулах шийтгэл хүлээсэн байна. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр орон сууц түрээслүүлсэн 10.7 сая төгрөгийн орлого, НӨАТ-ын буцаан олголт зэргээ мэдүүлээгүйгээс Хөрөнгө орлогын мэдүүлэг нь зөрчилтэй гарч, нэг сарын цалингаа 30 хувиар хасуулсан байна.

Нийслэлийн Худалдан авах үйл ажиллагааны хуулийн хэлтсийн дарга Г.Мөнхнасан, Худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Амарбаяр нар нэг сарын цалингаа тус бүр 30 хувиар торгуулжээ. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзоригийн цалинг хоёр сар 30 хүртэл хувиар торгох шийдвэр гарсан бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн Я.Оюунсүрэнд сануулах арга хэмжээ авчээ. Эдгээр шийтгэл нь Авлигын эсрэг хуульд заасан үндэслэлийн дагуу авагдсан арга хэмжээнүүд юм байна. Авлигын эсрэг хуульд шийтгэлийг дараах байдлаар ногдуулахаар заажээ.

13.5.Авлигатай тэмцэх газар өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр, эсхүл төлөвлөгөөт хяналтаар шалгалт явуулж болно.

13.6.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл эх үүсвэрийг нь заагаагүй буюу түүнийг хэрхэн олсон талаар тайлбар гаргаагүй бол Авлигатай тэмцэх газар тухайн мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгана.

13.7.Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй.

13.8.Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол дараах хариуцлага хүлээлгэнэ: 13.8.1.нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.4, 10.5-д заасан хугацаанаас хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах;

/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 13.8.2.зургаа хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгээ удаа дараа хугацаа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах; /Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.8.3.зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах; /Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ 13.8.4.нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах.

13.9.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, эсхүл холбогдох материалыг энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд ирүүлээгүй албан тушаалтныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, уг зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close