Өнгөц харвал энэ бол зөн билигтнүүд, удам дамжсан ид шидтэн, оточ домч нар, тахин шүтэгдсэн жижиг луйварчид. Үнэн хэрэгтээ энэ бол телевизтэй хамтарч ард түмний мөнгийг салгаж авах ичгүүр сонжуургүй үйлдвэрлэл. Хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэврийн хүмүүс, ганц бие эмэгтэйчүүдийн хувь тавиланг тээрэмдэж, хүний зовлон зүдгүүрээр тэжээгддэг мангасын ажил гагцхүү телевизийн эфирийн тусламжтайгаар л эхэлдэг байжээ. Борис Соболев (дуулиан тарьсан олон баримтат киноны зохиогч, түүний дотор 2013 онд Юрий Жирковын эхнэртэй сүсэг бишрэлийн тухай ярилцсан) яг үүнийг л нотлохоор шулуудсан ажээ. Сэтгүүлч зөн билигтнүүд болон бусад ид шидтэнүүдийн номлол айлтгалаар гурван анги “Чөтгөр лүү одогсод” хэмээх нэртэй кино зураг авчээ. Киноны нэгдүгээр ангийг 2017 онд телевизийн “Россия-1” сувгаар үзүүлсэн бол хоёр, гуравдугаар ангийг 2019 оны нэгдүгээр сарын 8-нд гаргажээ.
Баримтат киноч Борис Соболев үзмэрч, төлөгчдийг олон зуун удаа шалгаж сорьжээ. ТАСС-ын гэрэл зураг/ Зураб Жавахадз
Үнэхээр ТЭД байдаггүй гэж үү гэдгийг ухаарч ойлгохын тулд “КП” (“Комсомольская правда”) киноны зохиогчтой ярилцсан байна.
>
-Борис, кино гарсны дараа та өөрөөс чинь өшөө авч байгаа хар хүчний үйлдлийг биеэрээ мэдэрч байна уу?
-Одоохондоо үгүй. Ид шидийн дарамт шахалтыг ч мэдрээгүй л байна. Оршуулгын газарт миний гэрэл зургийг аваачиж булна гэх мэтээр айлган сүрдүүлэгч сүсэгтнүүд заримдаа бичдэг л юм, гэхдээ би тэднийг өрөвдөж ханддаг.
-Сайн байна. За тэгвэл эхнээс нь дэс дараатай ярья. Та “сэхээн амьдруулагч” Грабовой, архины мафи, хууль бусаар ой мод огтлогчид, хулгайн анчид зэргийн тухай кино зураг аль хэдийнэ авчихсан, энэ удаа харин яагаад зөн билигтнүүдийг сонгох болов?
-Би телевизийн ямар нэг тодорхой ид шидтэй шоуны эсрэг кино хийгээгүй, тэд бүгдээрээ луйварчид гэдгийг онцолж тэмдэглэх нь чухал. “Зөн билгийн тулаан” бол зүгээр л иймэрхүү луйврын харьцангуй том жишээ. Өөрийгөө ид шидийн гээд нэрлэчихсэн бүхэл бүтэн сувгууд бий болсон гээд бод доо. Яаж энэ бүхнийг хийж байна гэдэг технологи нь миний сонирхлыг татсан юм. Редакцитайгаа хамт хоёр жил зарцуулж байж бид энэ бүгдийн механизмын учрыг олсон. Энэ бол жинхэнэ мэргэжлээсээ урвасан, ёс суртахуунгүй аргаар мөнгө олох увайгүй ажил гэдгийг одоо харин хэлж болно
-Яагаад?Энэ бол шоу. Зугаа цэнгэлийн зориулалтаар л авсан кино зураг шүү дээ.
-Ямар машинд хүн байгааг, ямар зурганд амьд, ямарт нь нас барсан хүн байгааг хаалт, халхавчны цаана зааж, хэлж өгөх зэрэг өчүүхэн заль мэхийг тоглоомын болзол гэж нэрлэж болох юм л даа. Үзэгч харин юу болох бол гэж тэсч ядан хүлээгээд л, тэр нь эфирт гараад л, тоглож байна гэж үзэж болох юм. Гэтэл энэ шоуны жинхэнэ гол заль мэх нь хүн эмгэнэлтэйгээр нас барсан, сураггүй алга болсон, гай зовлон тохиолдсон орон гэрт нь очиж байгаа явдал юм. Энэ бүхэн дээр жүжгийн бүх үйл явдал өрнөдөг.
-Гэхдээ зөн билигтнүүд үнэн мөний учрыг олоход тусалдаг байх?
-Энэ бүхэн ингэж явагддаг. Гэнэн хүмүүс тусламж хүссэн захидлаар сүсэг бишрэлийн шоуны редакцийг дүүргэдэг. Дараа нь хэрэг болсон газар руу редакцийн баг явж, хөршүүд, багын найзууд, төрөл төрөгсөдтэй уулзаж ярилцан, эмнэлгийн (эрүүл мэндийн) картыг нь (хүүхдийнхийг хүртэл!) худалдаж авч, хэсгийн төлөөлөгч нарт хандаж эрүүгийн хавтаст хэргийн материалыг үзүүлж харуулахыг гуйж, олон нийтийн сүлжээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ (мониторинг) хийх зэргээр “тандалт” явуулна. Дараа нь бүртгэл жагсаалт үйлдэнэ, түүнийгээ “зөн билигтэн” болж тоглох жүжигчинд өгч цээжлүүлнэ. Үнэндээ бол зөн билигтнүүд байхгүй! Энэ бол баг өмссөн, амжилт ололгүй “шатсан” театрын жүжигчид. Дараа нь өнөөх “зөн билигтэн” зовлонд нэрвэгдсэн айлд хүрэлцэн ирж, болсон явдлыг дэлгэж гарна. “Таны хүүг замын хажуугаар чирсэнийг харлаа…”. Ээж нь зүрхээ дарж, аавынх нь даралт ихсэнэ. “Ингэхэд!” гээд “зөн билигтэн” цааш үргэлжлүүлнэ. “Хүү чинь хоёр настайдаа салхин цэцгээр өвдөж байсан юм байна (эмнэлгийн картнаас авсан мэдээлэл)”. Эцэг эх хоёул бараг ухаан алдах шахна. “Зөвхөн бид хоёр л мэддэг юмсан”. Ингэж далдыг үзэж хардаг авьяас чадвар бодитой байдаг тухай бүрэн дүүрэн хий хоосон зүйлийг эфирт бүтээнэ. Энэ бол тамын овоохой.
Татарстаны ардын жүжигчин Марат Башаров зураг авалтын үеэр.
-Хүмүүс үнэхээр тийм гэнэн гэж үү?
-Хүмүүсийн сэтгэл дотрыг балартуулсан харанхуй манан арилмагц тэдний сэтгэл рүү хоёронтоо нулимахтай адил болж байгаа хэрэг. Хэрхэн залилж мэхэлснийг тэд ойлгоно. Энэ бүхэн зориуд найруулж тавьсан үйлдэл гэдгийг ч ухаарна. Гэр оронд нь гай зовлон тохиолдсон дээр нь бүр нэрмээд хамаг байдгийг нь хэлүүлээд камерт бичээд ил болгочихсон. Дараа нь бид тэр айлуудад очиж байсан л даа, одоо тэд бүх сэтгүүлчийг дайснаа гэж үзэж хардаг болсон.
-“Зөн билгийнхний тулаан” шоуны шигшээ өрсөлдөөнд шалгарагсад, ялагчид гээд маш нэр цуутай ид шидтэнгүүдийг (Зиррадин Рзаев, Мехди Эбрагим Вафа) та барьж авч төсөлд байгайтай адил даалгавраар тэднийг сорьж туршсан. Тэдгээр сорилыг ядахдаа нэг нь ч давж гараагүй гэж үү дээ?
-Тийм ээ, тэдний хэн нь ч юу ч хийж чадаагүй. Нэгмөсөн таг зогссон! Кино хийх хоёр жилийн хугацаанд эдгээр хүмүүсийг бид хэдэн зуун удаа шалгаж сорьсон. Тэдэнд тийм онцгой чадвар огт байхгүй.
Хэргийн учир өөр зүйлд байгаа юм. Тодорхой нэг даалгавар биелүүлэхэд хэргийн учир байгаа юм биш, ойлгож байна уу. Харин ийм нэвтрүүлэг хийхийн тулд чансаа өсгөдөг аргад нь хамаг учир оршдог юм. Телевиз үзэгч үй олон хүнийг олон жилийн турш системтэйгээр хуурч мэхэлсэн нь харсаар байтал ил болсон. Энэ бол ёс суртахууны гэмт хэрэг, оролцогчдыг санаатай, гэмт хэргийн замаар сонгосон юм.
Мэргэжлийн тролль, жүжигчин Сергей Пахомов хүртэл “Зөн билгийн тулаан” – ыг цирк болгож хувирах гээд чадаагүй.
-Шоу дууссаны дараа тэгээд яг юу болж байна?
-Албаны үгээр үүнийг “Бүтээсэн ид шидийн дүрүүдийг эфирийн дараа ашиглах” гэж нэрлэж байна. Гоё байгаа биз, тийм үү? Яг үнэндээ мөнгө олох ажил явагдаж байна гэсэн үг. Дэндүү зарчимгүйгээр мөнгө үржүүлж байгаа хэрэг.
Эхний арга зам. Эфирт гарч эрч хүч нь суларсан үл бүтэх этгээдүүд астралд (сүнслэг ертөнц) хийх нислэг, гурав дахь мэлмий нээх, бие организмын нөөц хүчийг уудалж илрүүлэх гэх мэт сэдвээр “лекц” уншихаар Орос орон даяар аялацгаана. Нүүр царайг нь телевизээр хальт харсан болохоор ийм арга хэмжээнд оролцохыг хүн бүр хүснэ, тасалбарын үнэ 20 мянган рублиэс эхэлнэ. Оросын бөглүү хязгаар нутагт үүнийг хүмүүс маш их сонирхдог. 12 мянган рублийн цалинтай хүмүүс ид шидтэнийг үзэж, сонсохын тулд бусдаас мөнгө зээлнэ.
Хоёр дахь арга зам “ид шидийн салон”. Ганцаараа, эсвэл баг бүрдүүлсэн “мэргэжилтнүүд” хүмүүсийг оффист хүлээж авна. Зар сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, интернетээр идэвхтэй нийтэлнэ. “Зөн билгийн тулаан”-д шигшээд шалгарагч, эсвэл ялагчтай уулзахад төлбөр нь 30-150 мянган рубль. Эхний нэг удаагийн уулзалт. Энэ бол зөвхөн танилцах уулзалт. Тохиолдол маш төвөгтэй, хэцүү гэдгийг үйлчлүүлэгчид шууд мэдэгдэнэ. Удам дамнуулсан хараал жатгыг арилгах, хань ижил тогтдоггүйн учир шалтгааныг засах зэрэгт гэрийнхнээ дагуулж ирэх нь илүү сайн. За тэгээд 10-аас доошгүй удаа уулзах хэрэг гарна.
-Грабовой, Чумак, Кашпировский, Тони Роббинс нарыг үзэж хаширсан мөртлөө ард олон тэгээд цуварсаар л байх уу?
-Өөртөө байгаа сүүлчийн гэснээ өгч байгаа хүмүүсийг бид харуулсан. Айж балмагдаж, аргаа барсан хүмүүс олон саяын зээл авч, орон байраа зарж, энэ бүхэн тогтолцооны асуудал болж хувирдаг. Мөнгө олох өөр нэг аймшигтай арга бас бий. Колл-центрүүд. Энэ бол зүгээр л зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл. Хямрал ихтэй бүс нутгууд руу зорилго чиглэлтэйгээр нэвтрүүлэг бэлтгэж явуулдаг кабелийн телевизүүд Орост нэлээн бий.
“Ид шидтэнгүүд” тэнд эфирт өдөржин шөнөжин сууж, нүдээ бүлтийлгэж, гараараа дохиж зангаад л, “утсаар тусламж хүссэн” захиалга хүлээж авна. Нөхөр нь архидан согтуурч, эсвэл охин нь хань ижлээсээ салж байгаа нь эрчим хүчний бөөгнөрөл, хараалаас болсон байна хэмээн айлдаж, зөвлөгөө өгөх төв рүү утсаар холбогдвол гарцаагүй тусламж авч чадна хэмээн зөвлөж тайлбарлана. Нөгөө хүн утасдана, холбоо тогтоно. Ид шидийн үйлчилгээгээ тулгаж, идэвхтэй борлуулалт эхэлнэ. Маш хэрцгий.
Шоуны гуравдахь улирлын ялагч Мехди “Чөтгөр лүү одогсод” хэмээх кинонд туршилтыг давж чадалгүй, телевизийн төсөлд ялсан өртгийн тоо хэмжээг нэрлэж хэлсэн аж.
-Энэ чинь юу гэсэн үг вэ?
-Нэг эмэгтэй утсаар холбогдлоо, хариуд нь “Таны нөхөрт хоёр долоо хоногийн л нас байна.” Эсвэл “Таны охинд нүдний хор орсон байна. Хүүхэд төрүүлж чадахгүй болжээ. Түүнээс гадна зүүн хөх нь хавдартай болсон байна” гэнэ. Үүнийг тоохгүй утсаа хаях хүн тийм ч олон биш. Айлгаж чадсан бол нөгөө хүн мөнгөө төлж эхэлнэ.
-Яах гэж? Молиго гэдгийг сонсоо байлгүй дээ.
-Зохиомол аюулыг гэр бүлээсээ зайлуулахын тулд. Гол төлөв эмэгтэйчүүд утасддаг. Эдгээр ид шидийн салоноор бид цагдаагийн онцгой бүлгийнхэнтэй хамт орох үеэр хамгаас нууц ариун нандин шүтээн болох утасны дуудлага хүлээж авсан журналыг үзэж харах боломж олдсон юм. Овог нэр, мөнгөний тоо хэмжээ, утасны дугаар. 10 хуудас эргүүлэхэд ганцхан эрэгтэй хүний нэр таарсан. Дандаа эмэгтэйчүүд, ихэвчлэн дөчөөс дээш насныхан. Ганц бие, эд хөрөнгө гэх юмгүй, эрүүл мэндээр тааруухан, гол төлөв хөдөөний гэх зэрэг тайлбар хийнэ. Ер нь үндсэндээ эмэгтэйчүүд. Тэд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, итгэмтгий, ятгалганд амархан автана. “Мөнгө байхгүй гэж үү? Оройтоогүй дээр нь зээл ав, хүнээс зээл. Эс тэгвэл ойр дотны чинь хүн өөд болно”. Иймэрхүү л томьёолол хийнэ. Маш олон хүнд нөлөөлдөг нь надад үнэхээр гайхмаар санагдсан. Энэ бүхэн тэгээд телевизтэй холбоотой нь бүр дэндүү харамсмаар. Дураараа дургих боломжийг эдгээр ид шидтэнүүдэд телевизийн шоу л олгосон хэрэг шүү дээ. “Зөн билгийн тулаан”-аас гадна “Зөн билигтнүүд мөрдлөг явуулж байна” хэмээх нэвтрүүлэг бий. Дараа нь “Зөн билигтний сургууль” шинээр нээсэн. Энэ мэтчилэн бага багаар хүрээгээ тэлсээр байгаа юм.
-Хууль сахиулах байгууллагад яагаад хэн ч ханддаггүй юм бол?
-Энэ бол сэтгэцийн онцгой хэв маягтай хүмүүс. Айж цочирдсоноосоо болоод сэтгэл зүй нь гэмтсэн хүмүүс. Гэхдээ сэтгэлийнхээ гүнд зөн билигтнүүдийн хосгүй ид шидийн чадварт итгэсээр байгаа. “Жинхэнэ ид шидтэнгүүд сүнсээрээ дамжуулаад намайг гэсгээх байх” гэж айсандаа маш олон хүн бидэнд ярилцлага өгөхөөс татгалзсан. Энэ бол луйварчид сэтгэл санааны хүнд хэцүү үеийг нь далимдуулсан хүмүүс. Жишээлбэл, ээжийгээ оршуулж байгаа өдөр. Ганцхан өдрийн дотор хүн орон байраа зарахаас аргагүй өр зээлэнд орсон байдаг. Колл төвийн оператор нэг бүрт “мегаговорилка”, өөрөөр хэлбэл ярилцах төлөвлөгөө, хүмүүсийг хэрхэн хуурч мэхлэх тухай зүйл тус бүрээр бэлтгэсэн скрипт буюу программ байна. Жишээлбэл, үйлчлүүлэгчид өөрийнх нь ярьсныг өөрт нь эргүүлээд арай өөрөөр ярина гэсэн үг. Шалгарсан хуучин арга л даа. Үүнийг өмнө нь цыган үржүүлэг хэмээн нэрлэдэг байсан. Одоо харин ТВ-ийн цувралд хэрэглэдэг болжээ.
Шоу заримдаа илэрхий сюрреалист шинжтэй болдог ч үзэгч сувгаа сольдоггүй
-“Зөн билгийн тулаан” шоунд оролцох үнэлгээг таны кинонд нэрлэж хэлсний дараа зөн билигтнүүдэд хэр зэрэг итгэж болох вэ. Төслийн хөтлөгч Марат Башаров үнэнийг зааж өгсний төлөө нэг сая гэж шулуухан хэлсэн.
-Ярилцаж байх үед Башаров шартсан байдалтай байсан. Тийм болохоор үнэнийг хэлж өгсний төлөө нэг сая доллар гэж хэлсэнд нь хэр зэрэг итгэх учиртайг хэлж мэдэхгүй байна. Харин “өөрт нь итгэж байгаа хүмүүс бол тэнэгүүд” гэж итгэмтгий үзэгчдийн талаар хэлсэн үг түүний сэтгэл зүрхний үнэн үг байсан гэж бодож байна. Ичгүүр сонжуургүй гэхэд ч багадна. Гэхдээ миний кино гарсны дараа ч хүмүүс телевизээр гарч байгаа ид шидийн шоу бол жинхэнэ үнэн гэдгийг ид шидийн янз бүрийн форум дээр бие биедээ нотолсоор л байгаа билээ. Юу ч гэх вэ дээ?
-Таны кинонд “Зөн билгийн тулаан”-ы хуучин улирлын ялагчид орсны учир юу юм бол?
-“Шинэ” улирлын ялагч нар анхны уулзалтын үнийг өсгөсөн, манай киноны төсөв хүрэлцэхгүй байсан. 70-100 мянган рубль. Нууц камераар авахад өртөг өндөр. Бидэнтэй ажиллахаас бүгд шууд татгалзсан. Энэ нь нэгдүгээрт, гурваас таван жилийн дотор хэнд ч юу ч ярихгүй байхаар телевизийн сувагтай гэрээ байгуулчихсан, хоёрдугаарт, хамаг паянг нь дэлгэчих вий гэхээс айцгаасантай холбоотой. Аливаа хөндлөнгийн хяналт шалгалт тэдний нэр алдрыг төгсгөл болгож мэднэ.
-Таны кинонд Вангагийн гавьяа зүтгэлийн талаар юу ч үгүй байхад Ромын Папын Жунад өгсөн бэлэг (Иисус Христийн гэрэл цацарсан яс) орсон нь сонирхол татаж байна?
Би шалгаж болох боломжтой хүмүүсийн тухай л кино хийсэн. Жунатай би энх тунх байхад нь уулзаж амжсан юм. Илэн далангүй ярилцаж, миний өмнө гайхалтай авьяаслаг ид шидтэн байгааг ухаарч ойлгох боломж надад олдсон. Он удаан жил маш олон хүний толгойг тэр харин яаж ингэж эргүүлж чадсан юм бол доо гэж гайхах л үлдсэн дээ гэж хэлье. Вангагийн хувьд бурхны оронд одсон болохоор асуудал төвөгтэй. Түүнтэй амьд сэрүүнд нь уулзаж “ид шид” гэж юу байдгийг нүдээр үзсэнээс эхлээд дэмий чалчихаас цаашгүй гэсэн эсрэг тэсрэг гэрчүүд л үлдэж дээ. Шалгаж, нягталж амжсангүй
Д.ЭНХЭЭ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
1 comment
3 анги киног нь үзлээ өн билигтэн гээд бгаа нөхдүүд бүгд луйварчид юм бна