Европт дундад зууны үеэс хүсээгүй хүүхдээ хайрцганд хийж үлдээдэг үзэгдэл орчин үед дахин цэцэглэж эхэлжээ. Өнөөдөр ийм хайрцгийг Европын өнцөг булан бүрт байгуулж, сувилагчид байнга эргүүл хийж шалгадаг болсон байна. “Бэби бокс буюу амьдралын цонх” гэдэг нь өөрийгөө нууцалсан нэгэн хүүхдээ өсгөхөөс татгалзсан тохиолдолд улсын асрамж болон халамжийн байгууллагад өгдөг тусгай тоноглогдсон газар юм.

Энэхүү тоноглогдсон газар нь улсын болон хувийн эмнэлэг, эсвэл шашны байгууллагад байрлаж болно.
Бэби боксыг дэмжигчдийн үзэж байгаагаар энэ нь хүүхдийг гудамжинд хаяснаас илүү дээр зүйл гэнэ. Харин НҮБ-ын зүгээс үүнийг хүүхдийн эрхийг зөрчсөн асуудал гэж үздэг аж. Берлиний дагуул хотын зам дээр л гэхэд моддын дунд заасан нэгэн тэмдэг байх жишээтэй.

“Babywiege” гэх энэ тэмдэглэгээ “хүүхдийн өлгий” гэсэн утгыг агуулдаг. Энэ тэмдгээр явсаар бариултай, зэвэрдэггүй гангаар хийсэн хайрцагтай тааралдана. Үүнийг нээхэд дотор нь хүүхдэд зориулан нямбайлан эвхсэн хөнжил байх аж. Дулаахан энэ хайрцаг хаанаас ч харсан аюулгүй, найдвартай. Харин дотор нь эх хүүхдээ буцааж авахыг хүсвэл залгах утасны дугаартай захидал байна.

Үнэндээ бэби бокс нь хананд бэхэлсэн хоёр талаасаа онгойдог сейф шиг, зарим нь аквариум шиг янз бүрийн хэлбэртэй “хайрцаг” юм. Тэдгээрийн ажиллах зарчим ерөнхийдөө ижил. Бэби боксын ойролцоо цонх, ажиглалтын камер байрлуулдаггүй нь хүүхдээ авчирч, хариуцлагаас зугтаж байгаа хүнийг нууцалдагтай холбоотой. Хайрцагны хажууд залуу ээж хүнд нөхцөлд орсон тохиолдолд хаанаас тусламж авч болох тухай мэдээллийн самбар өлгөсөн байна.

Хайрцагт хүүхдээ үлдээснээс хойш 30 секундын дараа хаалга түгжигдэж, гаднаас нь онгойх аргагүй болно. Үүний дараа бэби боксын ажиглалтын товчлуур ажиллаж, төвдөө хүүхэд ирснийг мэдэгдэх дохио өгнө. Ингэснээр сувилагч хүүхдийг хүлээн авахаар явдаг байна. Ирсэн хүүхдийг эмнэлгийн бүрэн үзлэгт хамруулдаг ба цагдаагийн ажилтнууд ч хүүхдийг бүртгэлжүүлж авах ажлыг эхэлдэг байна. Энэ бүгдийн дараа хүүхдийг асрамжийн газарт шилжүүлдэг аж.

Эцэг, эсвэл эх нь хүүхдээ эргүүлж авахыг хүсэх тохиолдол гардаг. Хэрвээ ийм хүсэлт ирвэл хүүхдийг өөр хүн өргөж аваагүй бол ээж, аавд нь буцааж өгдөг байна. Ингэхдээ генийн шинжилгээ хийж, хүүхэд үнэхээр түүнийх мөн эсэхийг шалгаж, мөн гэдэг нь батлагдвал буцаан өгдөг аж. Хүүхдийн хайрцгийг эсэргүүцэгчдийн хэлж буйгаар хүүхдийг зөвхөн эх нь биш, эрчүүд ч үлдээх магадлалтай гэнэ.

Тухайлбал, хариуцлагаас зайлсхийсэн эцгүүд, хойд эцэг нь эхийг хүүхдээсээ татгалзахыг шаардаж, аваачиж хийх эрсдэл бий. Унгарт явуулсан судалгаанаас харахад хайрцагт зөвхөн ээж нь биш, төрөл төрөгсөд, хойд эцэг, хариуцлагагүй аавууд ч хийсэн тохиолдол гарч байжээ. Ноттинхэмийн их сургуулийн профессор, сэтгэл судлаач Кевин Браун “Энэхүү хайрцаг нь эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байна уу, хүүхдээ хайрцагт хийхийг эх үнэхээр зөвшөөрсөн үү” гэсэн олон чухал асуултыг дагуулдаг гэж мэдэгджээ.

Харин бэби боксыг ажиллуулдаг хүмүүс энэ байр суурийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэдний хэлж буйгаар хүсээгүй хүүхдээ орхисон, ямар ч аргагүй болсон эхчүүдэд аюулгүй замыг сонгоход тусалж байгаа хэлбэр гэнэ. Хэрвээ ийм зүйл үгүй бол эх хүүхдээ олон нийтийн газар, гадаа хүйтэнд хаях өндөр эрсдэлтэй.

Тиймээс төв болон зүүн Европын орнуудад, тодруулбал Герман, Австри, Польш, Чех, Румынд хүүхдийн хайрцгийн тоог нэмэгдүүлэхийг уриалдаг хөдөлгөөнүүд бий болжээ. Унгарт л гэхэд хүүхдийг өөр хүн өргөж авахыг албан ёсоор зөвшөөрдөг хайрцаг бий болгох санаачилга хүртэл гарч байсан аж. Харин өөр газарт хүүхдээ хаявал гэмт хэрэгт тооцогддог байна.

Профессор Брауны хэлж буйгаар өмнө нь коммунист дэглэмтэй байсан (учир нь энд төрөөс хүүхдийг халамжлах ёстой гэсэн ойлголт түгээмэл), эсвэл нөхөргүй байж хүүхэд төрүүлсэн эмэгтэйг олон нийт хүлээн зөвшөөрдөггүй газарт л хайрцгуудыг ихээр байрлуулдаг гэнэ. НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооныхон ч бэби боксыг учир дутагдалтай гэж үздэг.

Тус комиссын үзсэнээр хүүхэд эцэг, эхээ хэн болохыг мэдэх эрхтэй боловч хайрцагнаас олдсон хүүхэд энэ эрхээ эдэлж чаддаггүй гэжээ. Харин дэмжигчид үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Берлиний Вальдфрид эмнэлгийн ажилтан Габрэль Штанглийн үзсэнээр хайрцаг нь хүүхдийн амь насыг аварч, эрхээ бүрэн эдлэх боломжоор хангадаг байна.

Хайрцагт хийсэн хүүхэд эмнэлгийн үзлэгээр орж, асрамжийн газарт шилждэг бөгөөд өөр хүн өргөж аваагүй тохиолдолд ээж нь буцааж авах эрхтэй. Үнэхээр ч заримыг нь буцааж авдаг аж. Нэгэн ээжийн хэлснээр тэр хүүхдээ төрүүлээд яах ч аргагүй болж, гар мухардсан гэнэ.

Хүүхдийн эцэг алга болсон, эх өөрөө залуухан, шоконд орсон тул хүүхдээ бэби бокст үлдээжээ. Ингээд долоо ч хоноогүй байтал тэрбээр хүүхдээ буцааж авахыг хүсч, хайрцагт байсан захидлын дагуу эргэж ирсэн байна. Тэр ирмэгцээ хүүхдээ шууд таньсан гэнэ. Түүнийхээ нүд, үсийг хараад хаяж чадахгүй гэдгээ ухаарсан аж.

Гамбург хотын системийн зохион байгуулагч Штеффани Вольперт “1999 онд манайд таван хүүхэд хаягдсаны гурав нь нас барсан байдалтайгаар олдсон. Бид яагаад ийм зүйл болсон талаар бодолцож үзээд хүүхдийг амьд үлдээх шинэ аргаа олсон” гэжээ. Харин НҮБ-ын хүүхдийн эрхийн хорооны хүүхдийн сэтгэл зүйч Мария Герцог “ВВС” агентлагт өгсөн ярилцлагадаа бэби боксын оронд эхийг ойлгож, бүрэн дэмжиж, хүнд нөхцөлд тусламж үзүүлбэл дээр гэжээ.

Тэрбээр “Тэд жирэмсэн эмэгтэйчүүдэд бие давхар гэдгээ нууж, дараа нь хяналтгүй нөхцөлд төрж, хүүхдээ хаях боломжийг олгож байна” гэж мэдэгдсэн байна. Ер нь бэби боксын асуудалд дээр аль талынх нь зөв болохыг хэлэхэд хэцүү юм. Гэхдээ хэдхэн цагийн өмнө хүүхдээ нууцаар төрүүлээд, түүнээсээ яаж хагацах талаар бодон алхаж яваа эхийн дуу хоолой л энэ талаар үнэнийг хэлнэ. Түүний нулимс, гашуун зовлонг энд төсөөлөхийн аргагүй биз ээ.

Дэлхийн улс орнууд дахь бэби боксын туршлага

ОХУ: Тус улс газар нутагтаа 20 ийм хайрцаг байршуулсан бөгөөд дөрвөн жилийн дотор 42 хүүхэд хүлээн авчээ. Хөтөлбөрийн эхний гол зорилго бол нярайн амь насыг аврах. Хоёрдугаарт, эхийг эрүүгийн хариуцлагад татахгүй байх явдал юм. Хэрвээ эх хүүхдээ хаана ч хамаагүй хаявал “аюултай байдалд үлдээсэн” хэмээх зүйл ангиар шийтгүүлнэ.

Итали: Эх нь хүүхдээ эргэдэг хаалгатай төстэй цилиндр байгууламжид хийнэ. Ингээд эргүүлэхэд хаалга нь сүмийн дотор талд орно. Үүний дараа эх сүмийн хонхыг цохиж, хүүхдээ үлдээснээ мэдэгдэнэ. Энэ туршлага Ватикан дахь Ариун сүнсний эмнэлэгт одоо ч хадгалагдсаар байна.

Франц: Францад эхчүүд эмнэлэгт нэрээ нууцлан төрөөд, тэндээ хүүхдээ үлдээх эрхтэй.

Австри: Австрид бэби бокст үлдээсэн хүүхдийг орхигдсон хүүхэд гэж хуулиар нэрлэдэг. 2001 оноос тус улсад эмэгтэйчүүд нэрээ нууцлан төрөх эрхтэй болсон.

Япон: Японд хүүхдээсээ татгалзвал тав хүртэл жилээр хорьдог. 2006 онд Кумамото мужийн Жикей их сургуулийн эмнэлэг хараа хяналтгүй хүүхэд, үр хөндөлтийн тоог бууруулах зорилгоор “Өрөв тасын өлгий”-г байгуулснаа зарласан. 2009 оны арваннэгдүгээр сарын 26-нд нийтдээ 51 хүүхэд хүлээн авсан байна.

АНУ: Тус улсад бэби боксын тухай ойлголт байхгүй. Гэхдээ бараг бүх мужид “Аюулгүй боомтын хууль” гэсэн ойлголт байдаг. Энэ нь нэрээ нууцалсан эцэг, эх галын станц, эмнэлэг зэрэг тодорхой газруудад төрөөд 72 цаг болоогүй хүүхдээсээ татгалзахыг хүлээн зөвшөөрдөг аж.

By updown.mn

Мэдээний админ

3 thoughts on “Хүсээгүй хүүхдээ хайрцганд хийх үзэгдэл дахин цэцэглэжээ”
  1. монголд бол алаад хог дээр, эсвэл амьдаар нь гудамжинд хаяна. энэ бэби бокс зүгээр юм байна даа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн