Барууны болоод Азийн үйлдвэрийн эзэд ажилчдадаа “Уучлаарай, бид технологийн шинэчлэл хийх гэж байгаа учраас таныг ажлаас цомхтгохоос өөр аргагүйд хүрлээ” хэмээн хэлж байна. Энэ бол технологийн хөгжлийн эрэн үеийн шаардлага юм.
Ямар ч ажил олгогч цомхон ажилтантай, сайн техник технологийн хүчээр үр бүтээлтэй, алдагдалгүй ажиллахыг зорилгоо болгодог. Энэ нь ч бизнесийн хууль.
Улс орны удирдагчид “өндөр үр ашигтай технологи ажилгүйдлийг нэмэгдүүлж байгаа” хэмээх хатуухан дүгнэлтийг хийхээс татгалзаж байна. Харин мэргэжилтнүүд хэдийнэ үүнтэй санал нэгдсэн билээ.
Компьютер, хэвлэх машин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Hewlett-Packard” (НР) компани энэ төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ өнгөрсөн оноос нэгтгэж эхэлсэн юм. Принтер, скайнер нь персональ компьютерт нэгдсэнээр үйлдвэрлэлийн зардал багасч, үүнийг хийхэд олон тооны ажиллах хүч шаардлагагүй болно. Тус компанийн гүйцэтгэх захирал Мег Уитманы мэдэгдсэнээр НР компани ойрын 3-5 жилд 27 мянган ажилчнаа хална.
Үүнийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зарим шинжээч компанийн алдагдал нэмэгдсэн болон технологийн хөгжлийн хурдацтай холбож тайлбарлаж байгаа юм.
Германы мэргэжилтэн Верн Фин Гейл AFP-д өгсөн ярилцлагадаа “Үйлдвэрийн эздийн хувьд техник технологио шинэчлэх нь зайлшгүй тулгардаг асуудал юм. Жишээлбэл, Индонезийн “Toyota” компани өнгөрсөн онд үйлдвэрийн зөвхөн нэг шугамаа сүүлийн үеийн техникээр шинэчлэхэд 30 ажилчны 20 нь ажилгүй хоцорсон. Дэлхийн аль ч өнцөгт иймэрхүү жишээг бид харж болно. Өнгөрсөн зуунд аж үйлдвэрүүд хүний хүчийг түлхүү ашигладаг байсан бол одоо технологийн хүчийг ашиглахыг илүүд үзэж байна” гэжээ.
“Financial times”-ийн нийтлэлээс үзвэл Хятадын хүнд аж үйлдвэрийн ажилчдын тоо 2030 онд одоогийнхоос 25 хувиар буурч магадгүй аж. Хятадын үйлдвэрүүдийн техник, технологийн шинэчлэлийн хугацааг 12-16 жил гэж тооцож, хүн амын өсөлтийн хурдыг бодолцож үзвэл 2030 он гэхэд 20 сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжих аюултай гэнэ.
Гэхдээ хүн амд эзлэх хувиараа Хятадад хамгийн их бэрхшээл тулгарахгүй. Харин өндөр хөгжилтэй Герман, Франц, Япон болон АНУ-д ойрын ирээдүйд технологийн хөгжлийг дагаж ажилгүйдлийн хэмжээ нэмэгдэж болзошгүй байна.
Хамгийн энгийн жишээ гэвэл, Японы “Honda” саяхан Нью-Йоркийн олон улсын авто үзэсгэлэнгийн үеэр хамгийн сүүлийн үеийн “Хүн робот”-оо танилцуулсан юм. Биеийн хэмжээ нь өсвөр насны хөвгүүнтэй ойролцоо “ASIMO” робот нь хүнтэй мэндэлж, түүний ойр зуурын хүссэн зүйлийг нь авчирч өгч туслах чадвартай аж.
Тус компани 2000 онд анхны “Хүн робот”-оо танилцуулж байв. “Honda”-гийн робот хөгжүүлэлтийн компанийн ахлах инженер Сатоши Шигэми “Бидний зохион бүтээсэн “ASIMO” робот хүмүүст туслах зорилготой. Төслийн хүрээнд шинэ робот олон давуу талуудтай болсон. Хүн төрөлхтөн роботтой нөхөрлөх цаг ойртсоор байгааг бидний бүтээл харуулж байна” гэжээ. “Honda” компани уг роботоо өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлгөөний дутагдалтай хүмүүст туслах зорилгоор судлан үйлдвэрлэж байгаа юм.
Зөгнөлт кинонд гардаг цэнэгт хураагуураар ажилладаг роботууд хүн төрөлхтөний хоол хүнсийг бэлдэх цаг ойрхон байгааг “ASIMO” илэрхийлж байгааг үгүйсгэх аргагүй.
Дэлхийн хүн ам өсч, техник технологи хөгжсөөр байгаа энэ цаг үед ажилгүйдлийн түвшнийг бууруулах нь хамгийн төвөгтэй асуудал болоод байна.