Гейнсвил дэх Флоридагийн их сургуулийн эрдэмтэд халуун орны ибис шувууны үржлийн байдалд сонирхолтой, өвөрмөц судалгаа хийгээд хар тугалга нь энэ шувууны дааврын системийг өөрчилж, ангаахайн тоог нь багасгадаг болохыг тогтоожээ. Үүнээс гадна хар тугалга нь ибис шувууны зарим эрэгчнийх нь бэлгийн сонирхлыг өөрчилж, эмэгчинтэй бус эрэгчинтэй хосууд болоход нөлөөлдөг байна. Энэ бол шинжлэх ухаанд өмнө нь бараг судлагдаж байгаагүй үзэгдэл аж.
“Хатан хааны Б нийгэмлэгийн эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүлд бичсэнээр хүрээлэн буй орчинд хамгийн хортой, хамгийн хурдан шингэдэг хар тугалганы нэг хэлбэр болох метил хар тугалга нь ибис шувууны сексийн сонирхлыг илт өөрчилжээ. Зэрлэг ибисүүдэд гомосексуал хандлага огт ажиглагддаггүй боловч туршилтын явцад химийн нэгдлийн нөлөөгөөр бэлгийн чиг хандлагыг нь өөрчилсөн аж.
Флоридагийн их сургуулийн экологич Питер Фредерик болон түүний хамтрагчид байгаль дээр намаг балчигт цөөнгүй байдаг метил хар тугалгыг ибис шувуунд ямар нөлөө үзүүлдэг болохыг судлахаар болжээ.
Ингээд Өмнөд Флоридагаас 160 шувууг сонгон авч, дөрвөн бүлэгт хуваасан байна. Бүлэг бүр 20 эрэгчин, 20 эмэгчинтэй. 90 хоногийн дараа эхний гурван бүлэгт бага, дунд, их тунгаар хийсэн тугалгатай тэжээл өгчээ. Харин дөрөв дэх бүлэг ямар ч хар тугалгын хольцгүй тэжээл идсэн байна.
Энэ маягаар гурван жил судалгаа хийж, шувуудын биеэ авч яваа байдлыг ажиглатал хачирхалтай хариу гарав. Хар тугалганд өртсөн ибис шувуудын эрэгчин нь үржлийн ажилд бага орж, цөөн тооны ангаахайтай болсон төдийгүй өөр эрэгчинтэй холбоо тогтоож эхэлжээ. Энэ бол ибис шувуудад огт тохиолддоггүй үзэгдэл.
Энэ талаар Питер Фредерик “Шувуудын чиг хандлага өөрчлөгдсөн нь хар тугалга дааврын системд нь нөлөөлсөнтэй холбоотой. Үүний үр дүнд ибисийн эрэгчний бэлгийн тестостерон, эстрадиол даавруудын түвшин өөрчлөгдсөн” хэмээн тэмдэглэжээ.
Хүмүүсийн бэлгийн чиг хандлагад дааврын системийн алдагдал нөлөөлдөг үү
Фредерик “Энэхүү судалгааны үр дүнг хүмүүст хамааруулж болохгүй” гэж байгаа боловч химийн нэгдлүүд дааврын системд нөлөөлснөөр эрүүл орчинд идээшиж байсан шувуудаас огт өөр болдгийг харуулж байна. Тэгэхээр химийн үр дагаврын нөлөөгөөр хүний дааврын систем алдагдаж, ийм зүйл тохиолдож болохыг ч үгүйсгэхгүй.
2007 онд “Current Biology” сэтгүүлд өтөнд явуулсан нэгэн судалгаа нийтлэгдсэн. Уг судалгаагаар химийн нэгдлүүд тархинд нөлөөлснөөр бэлгийн чиг хандлага өөрчлөгддөг аж.
1 comment
ЗҮГЭЭР БАЙГАА АМЬТАДЫГ ТЭГЖ ХАР ТУГАЛГААР ТЭЖЭЭЖ ХОРДУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА