Авлигал

Ц.Амгаланбаяр алба хаагчдынхаа хувцасны мөнгийг улсад тушаалгүй, ХААН банкинд хадгалуулж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилчид цалингаасаа сар бүр 30-50 мянган төгрөг хураалгадаг гэнэ. Энэ нь тэдний хувцасны мөнгө аж. Сар бүр цалингаасаа суутгал хийлгүүлсээр нэг алба хаагч 1.5 сая төгрөгийг хураалгах юм байна. Ингэснээр тухайн алба хаагч ажлаасаа гарвал улсыг хохиролгүй болгох үүднээс ийнхүү мөнгө хураадаг гэнэ. Нэг үгээр хэлбэл, хахаж цацатлаа цөлмөдөг эрх баригчид, ШШГЕГ-ын дарга нар цалинтай цалингүй, нойртой нойргүй ажилладаг хэдэн ядарсан ажилтнуудын ганц ээлжийн хувцасны мөнгөөр хохироод сүйд болох юм байна л даа. Хөөрхий ажилтнууд ч цувуулж төлж, худалдаж авсан 1.5 сая төгрөгийн өртөг бүхий хувцсыг бүх насаараа өмсөх үүрэгтэй болж таарах нь.

Уг нь хууль, шүүхийн байгууллагын алба хаагчдын дүрэмт хувцсыг төрөөс үнэгүйгээр ханган нийлүүлэх хуулийн зохицуулалттай. Гэтэл иймэрхүү байдлаар мөнгө хурааж байгаад алба хаагчид дургүйцлээ илэрхийлдэг ч энэ тухайгаа газрын дарга болон удирдлагууддаа ил хэлж чаддаггүй. Тушаал зөрчвөл хоолноосоо салах магадлал өндөр. Тэгээд ч дургүйгээ хүрвэл бариад зодчихдог, ажлын байран дээр нь амь насыг нь хөнөөчихдөг дарга нартай улс орон шүү дээ, манайх. Тиймээс даргын тушаалыг дагахаас өөр аргагүй.

Хувцасны мөнгө хураадаг энэ гажуудлыг Б.Билэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилогдож ирснийхээ дараахан цуцалжээ. Ингэснээр албан хаагчид цалингийн суутгалаас хэсэгтээ ангижирсан байна. Гэтэл өнөөгийн дарга Ц.Амгаланбаяр томилогдож ирээд удалгүй хувцасны мөнгө хураадаг захирамжийг сэргээж, дахин хурааж эхэлсэн нь энэ.

Хачирхалтай нь энэ мөнгөө ХААН банкинд хадгалуулдаг гэж байгаа. Улмаар үүнийхээ хариуг ч хангалттай хүртдэг тухай ажилтнууд нь шивэр авир хийж байна. Хаан банк шүүгчдийг хэрхэн тархидсан мэдээлэл өнгөрсөн жил нийгмийн сүлжээгээр тархан шуугиан тариад амжсан. Тодруулбал, Хаан банкнаас Монгол Улсын Дээд шүүхэд явуулсан бичиг ил болсон юм. Энэ бичигт “Хаан банк шүүхийн бүх шатны ажилчдад, уян хатан нөхцөлөөр цалингийн зээл олгох, орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож ажиллаж эхэлснээс хойш тодорхой хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд 174 ажилчны нэг хувийн хүүтэй орон сууцны зээлийн асуудлыг шийдвэрлэж өгсөн байна гэх утга бүхий зүйл бичээд сүүлд нь Хаан банктай холбоотой нэгэн маргааныг шударгаар шийдэж өгөхийг хүссэн байдаг. Улмаар шүүхийн сайтаас шүүж үзэхэд 2013-2014 оны хооронд ганцхан жилийн хугацаанд Хаан банктай холбоотой 34 хэрэг шүүхээр шийдэгдсэн бөгөөд 100 хувь Хаан банкны талд шийдвэр нь гарсан байгаа юм.

Энэ учир битүүлэг зарчим Шүүхийн шийдвэрт ч үйлчилдэг байж мэдэх хардлага төрүүлэх нотолгоо нь дээрх хууль бус хураамжийг ХААН банкинд хадгалуулдаг явдал.

Эх сурвалж todmedee.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close