Хүчингийн хэрэгт холбогдсон Д.Гантулга УИХ-ын гишүүнээс татгалзаад удаж байна. Түүний сонгогдсон Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт УИХ-ын гишүүний нөхөн сонгууль зарлаж, санал хураалтыг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явуулах саналыг Сонгуулийн Ерөнхий хороо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлээд байгаа.
Байнгын хороо Сонгуулийн ерөнхий хорооны саналыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр хүлээн авсан бөгөөд асуудлыг Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтааж хэлэлцүүлж шийдвэрлүүлэх байр суурьтай байгаа аж.
УИХ-ын нөхөн сонгуулийг зохион байгуулах зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр тооцсон байна. Мөн нөхөн сонгуулийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах асуудал багтжээ.
Дашрамд дурдахад:
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иржээ. Шүүх хуралдаан өнөөдөр (2019.01.30) 13:30 цагт товлогдсон байна.
Үндэслэл болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэж заажээ. Иймд Д.Гантулгыг цагдан хорих эсэхийг шийдвэрлэхээр өнөөдөр шүүх хурал товлогдоод байна.