Ж.Ганбаатар гишүүний тараасан амины үнэтэй, арван мянган төгрөгийн бэлэг

2019-01-30 16:50
ganbaatar

Битон, шанага, нүүрс, өөрийн зурагтай аяга, цаг, ул боов, архи, тавгийн чихэр, гурил будаа. Энэ бол УИХ-ын гишүүдийн сонгогчиддоо өгдөг бэлэг. Үүнийг бэлэг гэхээс илүү иргэд,сонгогчдод тал засах арга хэлбэр гэж нэрлэвэл оновчтой байх.

Сар шинэ дөхсөн энэ өдрүүд гишүүдийн ээлжит тал засалтаа эхлүүлэх ажиллагаа идэвжээд байна. Б.Наранхүү Дундговьт шуудай гурил, Ж.Энхбаяр өөрийн нэртэй уутанд архи дарс, жижиг сажиг зүйл тараасан бол Оргил худалдааны төвийн эзэн Ж.Ганбаатар өнгөрсөн амралтын өдрүүдэд “Улаанбаатар палас”-ын их танхимд хөгшдийг цуглуулсан байгаа.

Баянгол дүүргийн өндөр настнуудад хүндэтгэл үзүүлнэ гэж зар тараасан Ж.Ганбаатар“Улаанбаатар палас”-т очсон настангуудад гарын бэлэг нэртэй ууттай юм тараажээ. Тэр уутанд бэлэг дурсгалын зүйл, хоёр кг гурил, цагаан будаа, чихэр тус бүр нэг кг байсан гэж байгаа.

Арван мянга  хүрэхтэй үгүйтэй төгрөгийн үнэтэй энэ бэлэг, тэр арга хэмжээн дээр “53 настай хүүгээ дагаж очсон 83 настай өндөр настан Ч олны хөлд дарагдаж, эмнэлэгт хүргүүлэх замдаа нас барсан эмгэнэлтэй хэрэг гарсан байгаа.

Гарын бэлэг гардуулж, олон хүн түүнийг нь авахаар урагш зүтгэх үед 83 настай Ч гэх эмээ ухаан алдаад эргэж сэргээгүй. Урагш зүтгэсэн хүмүүс түүний дээгүүр гишгэсэн гэх мэдээлэл ч бий. Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж буй юм.

Гэвч энэ арга хэмжээндээ Ерөнхий сайдыг аваад очсон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрийнх нь зохион байгуулж, бужигнуулсан арга хэмжээн дээр ээж шиг нь иргэн нас барсан хэрэгт уучлал гуйсангүй.

Үүнтэй төстэй өөр нэг баримт дурдъя. Засгийн газар 2019 онд өндөр настны тэтгэвэр тэтгэмжийг нэмсэн байгаа. Өнгөрсөн долоо хоногт өндөр настнуудад  Насны хишиг олгож эхэлсэн. Тэтгэвэрийн нэмэгдэл, Насны хишгээ авах гэсэн буурайнууд өнгөрсөн долоо хоногт хөхөө өвлийн хүйтнийг эс харгалзан банкуудад бөөн дараалал үүсгэсэн.

Тэд даарч хөрч, бие нь муудаж, хямарч байгаа мэдээллүүд телевизээр гарч, олон хүнийг уйлуулсан боловч эрх мэдэлтнүүд л огт эмзэглэсэнгүй. Цагтаа улс орныхоо төлөө хөдөлмөрлөөд, хийж бүтээчихсэн өндөр настануудаа хайрлах сэтгэл алга уу шийдвэр гаргагчид аа!

Тэдний тэтгэмж, халамжийг дансаар шилжүүлчихэж болдоггүй юм уу банкныхаан!