Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдод хилийн хориг тавьж, банкны данснуудыг нь битүүмжлэх шийдвэрийг тус улсын Дээд шүүх гаргасан байна. “Х.Гуйадо Бүгд Найрамдах улсын энх тайванд аюул занал учруулсан тул анхан шатны мөрдөн шалгах ажиллагаа дуусах хүртэл түүний Венесуэлийн хилийг давах эрхийг хаасан” гэж Дээд шүүхийн дарга Майкель Морено хэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Х.Гуайдо өөрийгөө түр Ерөнхийлөгч хэмээн зарласны дараа Венесуэлд төдийгүй олон улсад маргаан өрнөж эхэлсэн юм.
Түүнийг АНУ тэргүүтэй олон улс дэмжсэн бол ОХУ, БНХАУ зэрэг орон Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ. Нэгдүгээр сарын 10-нд Н.Мадуро тангарагаа өргөж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хоёр дахь хугацаа нь эхэлсний дараа Венесуэл даяар жагсаал цуглаан өрнөж эхэлсэн юм. Өнгөрсөн онд сөрөг хүчний олон нэр дэвшигчийн өрсөлдөх эрхийг хүчингүй болгож, шоронд хорисон зэрэг ихээхэн маргаантай сонгуулиар Н.Мадуро сонгогдсон байна. НҮБ-ын мэдээлснээр, нэгдүгээр сарын 21-нээс хойш жагсаал цуглааны үеэр 40 орчим хүн амиа алдаж, олон зуун хүн баривчлагдсан ажээ.
Монцамэ