2019-01-30 10:011min04

Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөтэй боллоо

tsetserlegjuulelt

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 21-р хуралдаанаар “Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө”-г өргөн барьж батлуулжээ. Монгол улсын хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байгаа Нийслэлийн иргэд эрүүл аюулгүй орчинг сайжруулахын тулд “Өөрийн онцлогтой цэцэрлэгт ногоон хотыг хамтаараа байгуулна” гэсэн зорилгын дор нэгдэж ногоон байгууламжийн дунд хугацаанд баримтлах /10-12 жилд/ бодлогын баримт бичигтэй боллоо.

Хотын агаар, хөрсний бохирдолтыг бууруулж нэг хүнд оногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд 4 стратегийн чиглэлийг тодорхойлсон байна. Цаашид ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг өргөжүүлэхэд салбарын эрдэм шинжилгээний байгууллага, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулж, иргэд, аж ахуй нэгж байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн 724 төсөл хөтөлбөрийг танилцуулж хэрэгжүүлэх арга зам, хөрөнгө оруулалт эх үүсвэрийн хэрхэн бүрдүүлэх талаар танилцуулжээ.

Мастер төлөвлөгөөний зорилго нь хотыг цэцэрлэгжүүлэх, ойжуулах, тохижилт, ногоон байгууламж бүхий гудамж талбайг бий болгох, тэдгээрийг хамгаалж сайжруулахад чиглэсэн хотын ногоон байгууламжийн бодлогын зорилт, хэрэгжилт, гүйцэтгэлд шаардлагатай төсвийн хүрэлцээг сайжруулах замаар цэвэр, эрүүл, аюулгүй таатай амьдрах орчныг эрхэмлэдэг иргэдтэй, байгаль орчныг хамгаалах, сэргээгдэхгүй байгалийн нөөцийг үр өгөөжтэй, хэмнэж ашиглах замаар бий болгон эрх тэгш нийгмийн харилцаатай, хүчирхэг эдийн засаг бүхий ногоон хотыг байгуулахад оршиж байгаа аж.