УИХ-ын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Өчигдөр МАН-ын бүлэг уг асуудлаар хуралдах байсан ч 25 гишүүн орон нутагт ажиллаж байгаа шалтгаанаар ирц хүрээгүй учир хойшлогдож байсан.
Өнөөдөр товлосон ёсоор чуулганы хуралдааны өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх шаардлагагүй гэж үзсэн юм. ТББХ санал хураалтыг ил тод явуулъя гэсэн О.Баасанхүү гишүүний горимын санал олны дэмжлэгийг авч чадаагүй учир нууц санал хураалт явуулж, тооллогын комисст Н.Цэрэнбат, Б.Жавхлан нар багтаж, Д.Хаянхярваа даргаласан.
Ингээд тооллогоор хүчингүй 1 санал гарч, 8 нь дэмжиж, 8 нь дэмжээгүй. ТББХ 19 гишүүнтэй. Тэдний дотор М.Энхболдын талд байгаа нь олонх нь. Хэдийгээр хүчинтэй санал тэнцсэн ч хүчингүй 1 санал нь Их хурлын даргыг чөлөөлөх шаардлагагүй гэж үзэх шийдвэрт дэмжлэг болов.
ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан УИХ-ын чуулганы хуралдаанд энэ шийдвэрээ танилцуулж, одоо гишүүд байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын чуулганы хуралдаан 80 хувийн ирцтэй үргэлжилж байна.