УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.01.29) хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Өнөөдөр би энд шударга ёсны тухай ярихад хувь хүнийхээ хувьд ичиж байна. МАН-ын хувьд ичиж үхмээр юм болж байна. Би нэг юмыг гайхаж байна. Нэг бол 60 тэрбум гэдэг ярилцлага дотор байсан гэдэг үндэслэлээрээ, нөгөө болохоор шударга бусын хонгил гэдэг юмыг нураахын тулд МАНАН гэдэг юмыг нураачих тухай ийм л юм яриад байгаа юм. Жишээлбэл шүүх хяналтын байгууллага энэ хүнийг буруутай гэдгийг нь тогтоогоогүй байхад бараг байсан учраас ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж байна. 60 тэрбумын схем гэдэг юмыг сонссон хүн нь сонинд ярилцлага өгөхдөө У.Хүрэлсүх даргад танилцуулаад, У.Хүрэлсүх дарга нь энэ их сайн схем байна, хэрэгжүүлэх ёстой гэж хэлсэн гээд хэлчихсэн. Нэгэнт шүүх тогтоогоогүй юмны араас У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг байсан, байгаагүй гэдгээр нь энэ шударга хүмүүс явах байх гэж би найдаж байна. Адилхан л зарчим үйлчлэх ёстой. МАНАН байдаг юм уу гэвэл С.Баярын засгийн газарт байсан хүмүүс, сайд нарыг бүгдийг нь үз. Х.Баттулга Ерөнхий сайдаас эхлээд, Сү.Батболд сайдаас эхлээд Лу.Болд бүгд МАНАН-гийн засгийн газарт байсан. Би төмөр замын 280 сая долларыг ярьдаг. Өнөөдөр 700 тэрбум төгрөг ч байхгүй, төмөр зам ч байхгүй болсон. Тэрний араас манай энэ шударгынхан яагаад явахгүй байна? ЖДҮ-ийн зээлийн сангаас авсан асуудлын араас явахгүй байна. Хэвлэл сошиал бүх юмаа хар. Тэнд бараг байхгүй. Ингэж төрийн юмыг зохион байгуулалттайгаар иймэрхүү юмнууд руу түлхээд байна шүү дээ найзууд аа. Бид бүх юмыг тодорхой жишээ, баримт, тоон үзүүлэлт, хуулийн үндэслэл, шийдвэр гээд бүх юмаа гаргаж байж энийг сайн ярих ёстой. Бидний хоорондын зөрчил Монголын төрийг эвгүй байдал руу оруулж байна. Энэ тогтоолын хувьд би дэмжиж чадахгүй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-60 тэрбумын яриаг дотор нь байсныг мэдээд огцруулах гэж байна гэх юм. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр та нар өмөөрөөд л явж байсан шүү дээ. Болиоч та нар. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг та бүхэн кнопоороо олонхоороо шийдээд авсан. Тэгээд авсан бол юундаа айгаад байгаа юм бэ. Та нар алдаа гаргасан учраас шүүх, Цэц шийдвэр гаргасан. Энэ үйлдвэрийг дампууруулах сонирхол та нарт бий. Та нар сэтгэл хөдлөлөөр ажиллаж байхад нөгөө тал нь хуулийн дагуу ажиллаж байна. Монголын төрөөр чи хоёр удаа тоглож байна шүү. Залуу хүн байж битгий бусдын гар хөл бол.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлсний дараа Д.Лүндээжанцан, Л.Оюун-Эрдэнэ нараас нууц санал хураалт явуулах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжиж, тооллогын комисс байгууллаа. Комиссыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа даргалж, Н.Цэрэнбат, Б.Жавхлан нарын бүрэлдэхүүнтэй ажиллав. Санал хураалтаар хүчингүй 1 санал гарсан бол дэмжсэн 8, дэмжээгүй 8 санал гарч, УИХ-ын дарга М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх шаардлагагүй гэж үзлээ.
1 comment
БААХАН ЖҮЖИГ ТОГЛОЖ ТОГЛОЖ ХЭН Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭНГҮЙ, ЕРӨНХИЙ САЙД НЬ Ч ТЭР, МАНАН НЬ Ч ТЭР, ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ Ч ТЭР, ИХ ХУРЛЫН ДАРГА НЬ Ч ТЭР, НӨГӨӨ ОФШОРТОНГУУД Ч ТЭР ИНГЭЖ ИНГЭЖ ХЭН Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ ЗҮГЭЭР Л АРД ИРГЭДЭЭР ТОГЛООД ДААПААЛААД БАЙНА. ТЭГЭХГҮЙ ЭЭ ТА НАР. УДАХГҮЙ ГЭСГЭЭЛ ҮЗЭХ Л БОЛНО. ИНГЭЖ Ч АРАЙ БОЛОХГҮЙ БАЙХАА. ИДЭЖ УУСАН ЧИНЬ БАГАДААД ТЭР ИХ ИДЛЭЭ, БИ БАГА ИДЛЭЭ ГЭЭД ХУВААЖ ИДСЭН ЧИНЬ БАГАДААГҮЙ ШҮҮ. ХЭЛЭХ МУУ ҮГ ОЛДОХГҮЙ БАЙНА. ҮНЭХЭЭР БОЛДОГ БОЛ БҮГДИЙГ ЧИНЬ ХҮЙС ТЭМТРЭХ ЮМСАН.