Өнгөрсөн Ням гарагт Москвагийн Третьяковын галлерейгаас Оросын нэртэй байгалийн зураач Архип Куинжигийн бүтээл алдагдсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Гэгээн цагаан өдөр, олон хүний нүдэн дээр болсон энэ хэргийг цагдаа нар маргааш нь илрүүлжээ. Москвагийн ойролцоох Заречье тосгоноос уран зургийг хулгайлсан 31 настай сэжигтнийг баривчилсан байна. Улмаар “Ай Петри. Крым” нэртэй уран зургийг уг тосгоноос холгүй Одинцово хотын барилга дээр нуусныг олжээ.
19 дүгээр зууны сүүлээр Крымд амьдарч байхдаа Куинжигийн зурсан уг бүтээл нэг сая ам.доллар орчим үнэ хүрэх эд гэнэ. Урлагийн үнэт бүтээлийг хулгайлсан этгээд ОХУ-ын хуулиар 15 хүртэл жил шоронд хоригдох ялтай ажээ. Третьяковын галлерей Архип Куинжигийн уран бүтээлийн үзэсгэлэнг хоёрдугаар сарын дунд хүртэл олон нийтэд үзүүлэх юм байна. Уран зургийг хулгайлсан үйлдэл галлерейн хяналтын камерт бичигдэж үлджээ.
Эх сурвалж: Russia Today