Авлигатай тэмцэх газраас хийсэн хяналт шалгалтаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон түүний харъяа байгууллагын хэд хэдэн удирдах албан тушаалтнуудын 2016, 2017 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт ноцтой зөрчлүүд илэрсэн байна.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл нь
Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх 1001.9 ам метр талбайтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 100.3 сая төгрөгийн үнэлгээтэйгээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг мэдүүлгийн “Орон сууц, барилга байгууламж” хэсэгт мэдүүлээгүй.
Гэр бүлийн гишүүний өмчлөлд бүртгэлтэй, 5.5 сая төгрөгийн үнэ бүхий “Toyota harrier” маркийн автомашиныг мэдүүлгийн “Тээврийн хэрэгсэл” хэсэгт мэдүүлээгүй.
2017 онд бусдад автомашин худалдсан 22 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгө борлуулсны орлого” хэсэгт мэдүүлээгүй.
Гэр бүлийн гишүүний Улаанбаатар хотын банкин дахь хадгаламжийн дансны үлдэгдлийг мэдүүлгийн “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл” хэсэгт тус тус мэдүүлээгүй нь тогтоогдсон байна.
Мөн мэдүүлэг гаргагч Ш.Алтангэрэл нь өөрийн үүсгэн байгуулж, 100 хувь эзэмшдэг “Дөлгөөн барс” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг бусдад шилжүүлсэн боловч тус компанийн орлого, зарлагын гүйлгээг өөрийн хувийн дансаар өдөр тутамд гүйцэтгэж байгаа нь аж ахуйн нэгжийн гүйцэтгэх удирдлагыг бусдад хэлбэрийн төдий шилжүүлсэн байна.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нь
Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн нийт 36 сая төгрөгийн орлогоос 24 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгийн орлого” хэсэгт мэдүүлээгүй.
Өөрийн өмчлөлийн Lexus RX 350 маркийн автомашиныг худалдсан 15 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгө борлуулсны орлого” хэсэгт мэдүүлээгүй.
Төрийн банк дахь дансаар хүлээн авсан 20 сая төгрөгийн цалингийн зээлийг мэдүүлгийн “Зээл” хэсэгт тус тус мэдүүлээгүй байна.
Мэдүүлгийн “Үйл ажиллагааны орлого” хэсэгт 50 сая төгрөгийн орлогыг үндэслэлгүйгээр илүү мэдүүлсэн нь тогтоогдсон.
Түүнчлэн мэдүүлэг гаргагч А.Хаянхярваа нь “Солид контентс”, “Аква Монгол” ХХК-иудын захирлаар бүртгэлтэй байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг зөрчсөн зөрчлийн шинжтэй байна.
Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтнуудад холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар АТГ-аас зохих байгууллага, албан тушаалтанд хандлаа.
“Нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах” (Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4 дэх заалт) хэмээн Авлигын эсрэг хуульд заасныг үндэслэн Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарт ажлаас халах хариуцлага тооцуулахаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 05/11214 дугаартай “Хариуцлага хүлээлгэх тухай” албан бичгийг АТГ-аас хүргүүлсэн.
Гэтэл Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарт албан тушаалтны цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Энэ нь АТГ-аас хянан шалгаж тогтоосон зөрчлийн дагуу хариуцлагыг тооцоогүй бөгөөд сахилгын шийтгэлийг бууруулж ногдуулсан байна.
АТГ-аас зөрчил гаргасан дээрх 2 албан тушаалтны гаргасан зөрчилд нь хуульд заасан үндэслэлийн дагуу хариуцлага тооцуулаагүй талаар мэдэгдэж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай хугацаатай албан бичиг хүргүүлсэн бөгөөд хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан талаарх хариуг АТГ хүлээж байна.
АТГ-аас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатад хүргүүлсэн албан бичиг
АТГ-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд хүргүүлсэн албан бичиг