Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компанид худалдсан тухай мэдээллийг өчигдөр (2019.01.28) УИХ-ын нэр бүхий гишүүд мэдээлсэн байгаа. Тэгвэл мөн дараа нь “Mongolian copper Corporation” компанийн удирдлагууд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт “Тодруулга хүсэх тухай” албан бичгийг өгсөн юм. Уг хүсэлтэд гурван асуудлыг тусгасан аж. Эрдэнэт үйлдвэрийн 49 болон 51 хувь 100 хувь төрийн өмчид бүртгэлтэй байгаа болон ТУЗ-ийн 7 гишүүн, Ерөнхий захирал бүгд төрөөс томилогдсон хүмүүс ажиллаж байгаа гэдгийг албан ёсоор баталгаажуулахыг хүссэн байна.
Энэ тохиолдолд “Mongolian copper Corporation” компанийн зүгээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг гадаадад худалдана гэсэн ямар ч боломж бололцоо байхгүй, тийм хэлэлцээ хийгээгүй гэдгээ тус компанийн зүгээс өнгөрөгч баасан гарагт ч мэдэгдэж байжээ.
Энэ талаар “Mongolian copper Corporation” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин “Манай компанийн зүгээс Эрдэнэт үйлдвэр Монголросцветмет компанийн хувьцааг анхнаасаа худалдъя гэж тооцоолоогүй, харин цаашид хөгжүүлж Монгол Улсын иргэд ашиглаж үр шимийг нь хүртэнэ гэж боддог. Сингапурын компани руу шилжүүлэх гэж байгаа гэдэг асуудал нь Их хурлын гишүүдийн хэлж байгаа шиг асуудал огт биш. Хэрэв дэлгэсэн бичгийг нь харсан бол Пүрэвтүвшин миний нэр дээр байгаа компани. Өөрөө өөрийнхөө нэр дээрх компани руу шилжүүлэгч процесс болох байсан. Харамсалтай нь УИХ-ын гишүүд дэлгэсэн явдал нь үүнийг таслан зогсоож байгаа юм. Энэ нь Эрдэнэт үйлдвэрт ашигтай байх байсан юм. Учир нь Стандарт банкны хэрэг 2016 онд эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Тухайн үед нийт өр төлбөр 95 сая ам.доллар байсан бол өнөөдөр 120 сая ам.доллар болчихсон байгаа. Арбитрын шийдвэр гарсан учраас удахгүй албадан гүйцэтгэх ажиллагаа явагдана. Энэ нөхцөлд Эрдэнэт үйлдвэрийн аль нэг хувьцаа эзэмшигч нь гадаадын хөрөнгө оруулалттай компани буюу Сингапурын хөрөнгө оруулалттай байх бол тэр үед шинэ нөхцөл байдал илэрсэн буюу дахиж албажих нөхцөл үүсэх байсан юм. Яагаад Сингапур гэж байгаа вэ гэхээр олон улсын томоохон арбитр байршдаг. Англи дахь Арбитрын шийдвэр гарсан учраас цаашид энийг авч үзэх цорын ганц боломжтой улс нь Сингапур.
Сингапурын хөрөнгө орууллалттай компани байлаа гэхэд тэрний хөрөнгийг албан ёсоор хураах, дансыг нь битүүмжлэх буюу албадан гүйцэтгэхэд хүндрэлтэй, бэрхшээлтэй болох байсан юм.
Энэ зорилгоор бид төлбөрийн 300 гаруй тэрбум төгрөгийг бууруулах зорилготой байсан. Үүнийг манай компани өөрсдөө Англид байдаг хуульчидтай зөвшилцсөний эцэст хийх гэж байсан. Харамсалтай нь энэ ажиллагаа зогсох тийшээ хандаж байна. Энийг гишүүд мэдэж байсан байх гэж бодож байгаа. Асуудлыг нааштай шийдвэрлэх боломжийг улс төрчид зориуд гацааж, эргүүлж байгаа нь тодорхой зорилготой гэж бид бүхэн харж байгаа.
Л.Оюун-Эрдэнэ гишүүн цагаан дээр хараар биччихсэн байгаа зүйл дээр манай компанийн ажилтан Б.Номундарь гэдэг бүсгүйд шилжүүлчихсэн юм шиг бичээд байгаа юм. Тэр бол манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. Гэтэл 1995 оны хүүхэд рүү шилжүүлчихлээ гээд ор үндэсгүй зүйл хэлж байгаад үнэхээр харамсаж байна. Ингэж улс төрийн эрх ашгаар, олон нийтийн анхааралд өртөхийн тулд зорилтоо биелүүлэхийн тулд давуу байдлаа ашиглаж Төрийн ордноос огт үндэсгүй худал ташаа мэдээ түгээж байгаад хувьдаа маш их харамсаж байна. Бидний энэ ажлын эцсийн зорилго нь Эрдэнэт үйлдвэрт л ашигтай байх л зорилго байсан юм. Харамсалтай нь гадаадад боловсрол эзэмшсэн залуу гишүүд маань энэ асуудлыг Монголд ашиггүй тийшээ нь хандуулчихлаа.” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Б.Номундарь гэгч эмэгтэйд шилжүүлсэн тухайд Улсын бүртгэлд бичиг аваачиж өгөхөөр томилогдсон хүн гэнэ. Л.Оюун-Эрдэнэ гишүүний барьж үзүүлж байсан бичиг дээр ч тухайн бичгийг аваачиж, хүргүүлэх ажилд Б.Номундарийг томилсон тухай дурьдсан байгаа гэлээ.
1 comment
EHE ASUUDAL HUUHDIIN TOGLOOM UU ZALDIGCH NARAA.MONGOLIIN TOROOS SOBSHOOROLGUI INGEJ BOLDOG IUMUU .TA NARIIN ABSAN GEED BAIGAACH IYG ADILHAN .SHALGAJ BUTSAAJ ABAACHEE