УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2019.01.28) ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадсангүй. Маргааш УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг чуулганаар хэлэлцэх учиртай. Гэвч эрх баригч намын бүлэг энэ асуудлыг хэлэлцэж амжсангүй. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.
-Бүлэг яагаад хуралдсангүй вэ?
-Хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэх байсан. Бүлгийн 25 гишүүн орон нутагт ажиллаж байна. Засгийн газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд болон даваа гарагт улсын сайн малчид, тэргүүний тариаланчдад шагнал гардуулахаар их хурлын гишүүдийг ажиллаач гэсэн. Үүний дагуу гишүүд тойрогтоо ажиллахаар явсан байна. Тийм учраас ирц тааруу байгаа учраас бүлгийн хурлыг хойшлуулж байгаа. Гэхдээ энэ долоон хоногт багтаад хуралдана.
-Маргааш УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Гишүүд амжиж ирэх үү. Маргааш бүлэг хуралдаад байнгын хороогоор оруулах уу?
-Энэ тогтоолын төслийг маргааш 09:00 цагаас ТББХороо, 10:00 цагаас УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ гээд шийдвэр гарчихсан байгаа. Тийм учраас гишүүдийг өнөөдөртөө багтааж ир гэсэн чиглэлийг өгсөн.
-Танай намын зүгээс завсарлага авах уу?
-Манай намын бүлгийн зүгээс завсарлага авна гэсэн ойлголт байхгүй. Энийг би шийдэхгүй, хамт олноороо шийддэг асуудал.
-Бүлгийн хурлаар дараагийн Их хурлын даргын асуудал яригдах уу?
-Яригдана. Дараагийн Их хурлын даргын асуудал өөрийн гэсэн процетуритай. Намын удирдах байгууллагаар хэлэлцэнэ. Бүлгээр хэлэлцэнэ. Тэгээд байнгын хороогоор хэлэлцэнэ. Одоо бол ямар ч хүний нэр ярилцсан асуудал байхгүй. Их хурлын даргыг чөлөөлөх шийдвэр гарсны дараа энэ асуудал яригдана.