Нийтээр тэмдэглэдэг Цагаан сар, мартын 8, цэргийн баяр өнгөрч, УИХ-ын хаврын чуулганы нээлттэй хуралдаан хаврын синдром буюу улс төрийн хийрхэл “нахиалж” Төв талбайд бужигнаан үүсдэг дүр зураг нэгэнт хэвшил болжээ.
Энэ жилийн хувьд улс төрийн хийрхэл хаврын дохиог хүлээж тэвчсэнгүй. Он дамжин толхилцсон эрх баригч МАН-ын хэрүүл гудамж руу хальж, Төв талбайд хэдэн гэр, тэр дотор эргэлдэх тэмцэгч нэртэй хэдэн попуудыг бужигнуулж байна.
УИХ-ын даргаа яаралтай огцор хэмээн шаардсан УИХ-ын гишүүд талбайд жагсаал, цуглаан хийж, тэнд 11 хүн улс төрийн өлсгөлөн зарлаад дөрөв хонов. УИХ-ын даргыг огцруулах хууль нь батлагдсан, Төрийн мэдээлэлд хэвлэгдчихсэн, одоо ажлаа өгөх л үлдээд байхад энэ гишүүд юунд яарсан байх вэ?
Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийж, дэмий гэж нэлээд ятгасан ч иргэдийн бухимдал дээд зэрэгтээ хүрч өлсгөлөн зарласан гэж мэдэгдлээ. Гэхдээ энэ үг нь худлаа л даа. Нотлох баримт байхгүй ч өлсгөлөн зарлах санааг тэд өгсөн гэдгийг нийгэм ойлгохтойгоо болсон.
Зургаан гишүүн өчигдөр “Баялагтаа эзэн Монгол” бүлэг УИХ-д байгуулагдав. Стратегийн 34 орд газрыг төрийн мэдэлд авч, Монгол түмэн ашиг хүртэх цаг болсон. Баялагтаа эзэн Монгол хөгжинө, баялагтаа эзэн болсон монголчуудын амьдрал сайжирна гэж итгэж байна гэж тэд ярьлаа.
Энэ нь Монгол Улсын язгуур эрх ашгийг хамгаалж, Үндэсний эрх ашгийн эсрэг чиглэсэн аливаа үйл ажиллагааг таслан зогсооно гэх мэт айхтар ширүүн үгээр эхэлдэг хаврын хаварт өрнөдөг синдромуудын нэгтэй агаар нэг сонсогдохгүй байна гэж үү!
Поп улстөрчдийн дориун мэдэгдэл амлалт, түйвээн хэр хол явдаг билээ. Монголчууд тэдний хөөстэй мэдэгдлийг хэдэн жил сонссон билээ. Хуучраагүй түүхийн шар хуудсыг хамтдаа эргүүлэн харцгаая. Есөн хаврын тэмцэл юуг өөрчилсөн байна вэ?
Тэд анх гарч ирэхдээ юу ярьдаг вэ?
Зорилгодоо хүрээд хаачдаг вэ?
1991 оны жагсаал цуглаанаас хойш попчдын хоосон хөөсөнд бараг дарагдаагүй Төв талбайд 2004 онд жагсаал, цуглаан болсон. Цуглааны тэргүүн эгнээнд “Эрүүл нийгэм- Иргэний хөдөлгөөн” гэсэн нийгмийн тодотголтой Төрийн бус байгууллага зогсож байв. Толгойлогч нь харин Ж.Батзандан, Ерөнхий зохицуулагч нь О.Магнай, Г.Уянга, С.Ганбаатар нар.
Тэр жил тэд жагсаал, цуглаан зохион байгуулж, Гүржид очиж “Сарнайн хувьсгал”-ын туршлагаас ч судалсан. Жагсагчдын толгойлогчид Төрийн ордон руу улаан лооль, чулуу нүүлгэн нийгэмд урд өмнө үзэгдэж байгаагүй муу жишиг тогтоосон юм.
Жагсаал тэгээд хэнд ашгаа өгөв?
Жагсагчдын толгойлогчид поп мэдэгдлээрээ алдаршин, нийгэмд танигдаад УИХ руу суга дэвшиж, туршлага судлаад ирсэн улс Гүрж, Украины нөхцөл байдал хүндхэн байгааг иргэд одоо олон улсын мэдээллээс олж авч байгаа. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний дараа жагсаал цуглааныг зохион байгуулж, иргэдийн турхирсан нөхөд зүгээр үлдээд, жагсаалыг сонирхож ирсэн, зохион байгуулагчдын дуудлагаар ирсэн энгийн номхон, олон зуун залуучууд шүүхээс ял сонссоныг монголчууд сайн мэдэж байгаа.
Үүнээс хойш хаврын хаварт улс төрийн “халуурал”-ын илэрхийлэл болох элдэв жагсаал цуглаан Төв талбайд тасрахаа больж, монголчууд үүнийгээ бараг албан ёсоор “Хаврын синдром” гэж нэрлээд байна. 2005 оноос хойшхи цуглааныг орхиод 2010 оноос хойш Монголын нийгмийн хавар ямархуу байсныг тоймлон хүргэе.
2010 он: Энэ оны хавар гудамжинд Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн, Тусгаар тогтнол, Миний Монголын газар шороо хөдөлгөөнүүд гарцгаасан. Дөрөвдүгээр сарын өдрүүдэд “Амлалтаа нэхэх ард түмний хөдөлгөөн” жагсаал зохион байгуулж, УИХ-ыг тараахыг шаардаж байв.
Жагсаалын ерөнхий нэр “Улс үндэстнээ аварцгаая”. Харин жагсаалд “Онги гол”, “Үндэсний соёмбо”, “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” гэх мэт олон хөдөлгөөнүүд нэгдсэн. Намар нь хөдөлгөөнүүд бас өлсгөлөн зарласан. Тодорхой шаардлага тавьж, УИХ-ын гишүүдтэй ч уулзаж байлаа. Хувьсгал хийнэ гэдэг үг энэ оны хавар анх гарч ирж байв.
Хөдөлгөөний тэргүүнүүд одоо хаана явна вэ?
“Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн” гэсэн олны сэтгэлийг татахуйц гоё нэртэй хөдөлгөөний толгойлогч Д.Батцогт 2012 онд УИХ-ын гишүүн болж, бүр Байнгын хорооны дарга болтлоо дэвшсэн. Харин “Үндэсний Соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав одоо ҮХАҮТ-ын даргын албан тушаалыг хашиж байна.
Байгаль орчныг хамгаалах нэртэй байгуулагдсан хөдөлгөөний тэргүүнүүд уул уурхайн компаниудаас “татвар” аваад арилсан. Энэ хөдөлгөөнүүд одоо “А” ч гэж дуугарахаа байсан.
2011 он: Энэ оны хавар “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” гэгч хөдөлгөөн шинээр бий болж, МҮОНТ-д дарамт үзүүлсэн нь хэвлэлүүдийн мэдээнд тэмдэглэгдэн үлджээ. Хөдөлгөөнийхөн тухайн үед МҮОНТ нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн талд орж төлбөртэй мэдээлэл цацаж, сэтгүүлч Г.Уянга, А.Баатархуяг нарын нэр төрд халдлаа. Одоо Г.Уянга, А.Баатархуяг нарын тухай нэвтрүүлэг хийж, иргэний хөдөлгөөнийхнийг сурталчил хэмээж байв. Одоо ийм нэртэй хөдөлгөөн байдаг гэдгийг толгойлогчдоос нь өөр хүн мэдэхгүй.
Мөн “Гал үндэстэн” холбооныхон төв талбайд есөн гэр барьж, 70 шахам морь авчирч жагсаал хийсэн. Хоёр жилийн дараа энэ холбооны тэргүүн Төрийн тусгай хамгаалалттай бүсэд галт зэвсэгтэй нэвтэрсэн, уул уурхайн компаниудыг дарамталсан хэргээр шүүхээс ял сонссон.
2012 он: Энэ оны улс төрийн бужигнааны гол сэдэв нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан явдал байсан.
Дөрөвдүгээр сарын 12-нд өрнөсөн энэ явдлыг хэн эрх мэдэлтэй нь эрх мэдэл, улс төрд удаан оршин тогтнохын тулд юу ч хийж болдог жишээг харууллаа хэмээн хэвлэлүүд бичиж байв. Мөн энэ хавар Гол мөрний ай сав газарт алт олборлуулахгүй байх хуулийн төсөл нэлээд асуудал тарьж, дуулиан шуугиантай батлагдаж байжээ.
2013 он: УИХ-ын хаврын чуулган эхэлсэн дөрөвдүгээр сарын эхний өдрүүдэд “Шударга иргэдийн фронт” хөдөлгөөний тэргүүн Т.Арслан “нийгмийн амьдрал үнэхээр болохгүй байгаа учраас үгээ, үзэл бодлоо саарал ордонд суугаа нөхдөд хэлэх шаардлагатай” гэж хэлээд жагсаал зохион байгуулж байв. Жагсаалд 80 орчим иргэний байгууллагын төлөөлөл оролцоно гэж сүртэй зарласан ч хүн бараг цуглаагүй юм.
Энэ оны хаврын чуулганд зориулж цөөнгүй бүлэг жагсаал хийсэн нь баримт болоод үлдэж. МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Номтойбаяр, Д.Лүндээжанцан, Ж.Энхбаяр, Б.Бат-эрдэнэ, О.Содбилэг нарын УИХ-ын гишүүд толгойлон зохион байгууулсан энэ жагсаалын шаардлага нь “Эрх баригчдад амлалтыг нь сануулж, Шудрага ёсыг шаардах цуглаан” нэртэй байв.
2014 он: УИХ-ын хаврын чуулганы нээлттэй давхцан хаврын сендром амь орж байжээ. Өмнөх жил нь шүгэлтэй жагссан жагсагчид УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын сайд байхыг хориглож, “давхар албан тушаал, давхар дээлгүй байх”-ыг уриалсан жагсаал хийсэн. Өнөөдөр тус нам Засгийн эрх барьж байна. Жагсаалын тэргүүн эгнээнд явсан нөхөд одоо УИХ-д суугаад, сайдын суудлыг солилцож байгаа.
Үүн дээр Г.Уянгын санаачилсан “Монголын нэг өдөр-2014” буюу “Амьдралаа таниулах ардын цуглаан” гээчийг нэмж болно. Энэ цуглаанд хүмүүс УИХ, Засгийн газарт амьдралаа танилцуулна. Монголд зовж байгаа иргэн бүр амьдралынхаа асуудал болгоныг чирээд Чингисийнхээ талбайд ирцгээ гэж тэр уриалж байсан.
Мөн хавар иргэний хөдөлгөөнүүд ч нэгдэж, жагсаал зохион байгуулсан. “Гал үндэстэн холбоо”, “Байгаль орчны иргэний зөвлөл”, “Голомт хөдөлгөөн”, “Эрин үе шинэчлэл” ТББ зэрэг байгууллагын 100 орчим гишүүн цуглаж Н.Алтанхуягийн Засгийн газрыг шүүмжилсэн, байгаль орчноо хамгаалахыг уриалсан.
МАН-ын шаардлага одоо савангийн хөөс болсон. Бас ийм нэртэй хөдөлгөөнүүд хаана явна вэ?
2015 он: Төв талбайд эсэргүүцлээ өрнүүлдэг байсан иргэний хөдөлгөөнүүд энэ хавар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг галдан шатааж, тусгай зан үйл хийж олныг гайхашруулсан. Үүнийгээ тэд улс орныг мөхлийн замд оруулсан Ч.Сайханбилэгийн гай барцадыг арилгахын тулд хийсэн гэж тайлбарласан. Мөн С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарын дүрсийг шатаасан байх юм.
2016 он: Сонгуулийн жил байсан. Эрх баригч нам бондын мөнгийг их хэмжээний үр ашиггүй зээл болгон түгээсэн нь томоохон асуудал үүсгэсэн гэх мэт шалтгаанууд энэ хаврыг бас амраагаагүй. Иргэний хөдөлгөөнүүд идэвхижин Оюутны холбоо гуталтай жагсаал өрнүүлж, Монголоо аврах хөдөлгөөн гэгч байгууллага “Монголоо аваръя” нэртэй жагсаалыг хийсэн. Энэ үед “Утааны эсрэг ээж, аавууд” групп гэх фэйсбүүкийн хаяг Сүхбаатарын талбайд мөн жагсаал хийж байв.
Жагсаалаас үр дүн гарсан уу? Энэ үед мэндэлсэн “Хулгайчгүй Монгол хөдөлгөөн” Монголын 100 хар үйл явдлыг албан ёсоор зарлана хэмээн сүрдүүлж, сонгуульд нэр дэвших эрх олж авах гээд гүйж явсан, албан тушаалын хэрэгт ямар нэгэн хамааралтай улс төрчдөөс мөнгө салгасан мэдээ байдаг.
Нэлээн идэвхитэй, хүмүүс ч нааштай хандаж байсан “Утааны эсрэг ээж, аавууд” групп харин өнгөрсөн онд Засгийн газартай гэрээ байгуулж, нэлээд хэдэн сая төгрөг авсан нь илэрч, дуу хоолой нь бүдгэрчээ.
2017 он: “Ард түмний онц түр зөвлөл” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан “Хуулиа дээдэлье, оффшорчдыг шалга” нэртэй жагсаал, цуглаанууд энэ онд болсон. Шударга ёсыг нэхэж, хуулиа дээдлэхийг шаардаж байна гэсэн жагсагчдын тэмцэлд “Чөлөөт ахмадын холбоо”-ны тэргүүн Г.Баасан ч өндөр үүрэгтэй оролцож байв. Одоо тэр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг ахалж байна.
2018 он: Хотын экс дарга Э.Бат-Үүлийн санаачлагаар байгуулагдсан “Гэр хороолол” хөдөлгөөнийхөн энэ хавар Д.Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан хийж, майхан барьсан.
Мөн эрх баригчдын шийдвэр болон бензиний үнээс шалтгаалан үүдэн өргөн хэрэглээний барааны үнэ өссөнийг эсэргүүцсэн Ардчилсан намаас зохион байгуулсан жагсаал нэрлэгдэнэ.
Ирэх хавар Төв талбайд Нэхүүл хөдөлгөөн, Босоо хөх монгол ТББ-ууд эргэлдэх нь тодорхой харагдаж байгаа. Тэд бас ямар ашиг сонирхлыг хамгаалах вэ гэдэг нь ч тодорхой харагдаж эхэлсэн. Юуг хамгаалж, юуг түлхэж буйгаараа тэд нийгэмд өөрсдийгөө таниулчихаад байна.
Жагсаж цуглана, тэмцэж өлсөнө гэсэн сүрдүүлэг нийгмийн олонхид шинэ сэдэв байхаа больсон. Хэн олныг өмгөөлөн тэмцдэг вэ, хэн үнэнийг хэлдэг вэ, хэн тууштай байсан бэ гэдэг нь цаг хугацааны толинд ийнхүү бичигдэн үлджээ. Тэмцэл нэртэй жагсаалууд бүгд тодорхой сонирхлоор зохион байгууллагддаг.
Үймээнийг санаачлагчдад ямар нэгэн зорилго заавал байдаг. Тэд олон нийтийг зүгээр л зорилгодоо хүрэхийн тулд ашигладаг. Харин хүсэлдээ хүрэхдээ дэмжиж байсан жирийн иргэдээс нүүрээ бууруулдаг болохыг нотлох баримт харин тоймгүй олон жагсаал, тоймгүй олон иргэний хөдөлгөөн, цөөнгүй улстөрчдийн гишгэсэн мөрөнд тод үлджээ.
Ард түмний нэрийг барьж хийсэн жагсаал, цуглааныхаа ашгийг “поп”-ууд өөрсдөө л хүртдэг. Популист мэдэгдэлдээ, улс төрийн бохир зорилгодоо жирийн иргэнийг бүү ашигла.
Т.БАЙГАЛЬ
1 comment
Тэр н дээр манан байсан аас