Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2019 онд хүн төрөлхтөнд заналхийлж буй эрүүл мэндтэй холбоотой 10 ноцтой асуудлыг нэрлэжээ. Үүнд нийгмийн болон нийгмийн бус халдварт өвчин, ДОХ, антибиотект тэсвэртэй нян зэрэг нэг улс орон дангаараа шийдэж хүчрэхээргүй бэрхшээл учруулж буй хүчин зүйлүүдийг багтаасан байна.
Манай гаригийн 10 хүн тутмын ес нь агаарын бохирдлыг бие дээрээ мэдэрч байгаа тухай тус байгууллагын албан ёсны тайланд дурджээ. Жилд долоон сая хүн агаарын бохирдлоос үүдэлтэй уушиг, амьсгалын замын өвчин болон хорт хавдраар хорвоог орхиж байна. Ийнхүү агаарын бохирдлоос болж нас барж буй хүмүүсийн 90 хувь нь ядуу буурай болон дунд зэргийн хөгжилтэй улсуудын иргэд байгаа юм.
Хоёр. Нийгмийн бус гаралтай өвчин
Үүнд төрөл бүрийн хорт хавдар, зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг орно. Дээрх шалтгаануудын улмаас манай гариг дээр жилд 41 сая хүн нас бардгаас 15 сая нь 30-69 насны хүмүүс байдаг аж. Архи, тамхи, хар тамхины хэрэглээ, амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт эдгээр өвчлөлийн гол шалтгаан хэмээн мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Гурав. Дэлхийг бүхэлд нь хамарсан ханиад томуу
Энэ онд хүн төрөлхтөн цоо шинэ төрлийн ханиад томууны вирустэй нүүр тулах болно гэдгийг эрдэмтэд болон эмч нар эртнээс санууллаа. Чухам уг вирус нь хүмүүсийг хэр хүндээр өвчлүүлж, ямар хурдтайгаар тархаж, хэчнээн хүнийг үхэлд хүргэхийг хэн ч хэлж мэдэхгүй юм. Учир нь ханиад томууны вирус нь ямар ч мундаг эмч, эрдэмтэн урьдчилж таахын аргагүй тийм хурдтайгаар хувьсан өөрчлөгддөг болчихоод байгаа. Өнгөрөгч 2018 онд хүн ам нь ханиад томуунд өртөөгүй улс орон дэлхийд нэг ч үлдээгүй хэмээн ДЭМБ-ын тайланд онцолжээ.
Дөрөв. Хүн төрөлхтөний талаас илүү нь эмзэг орчинд амьдарсаар л
1,6 тэрбум хүн агаарын бохирдолтой бүс нутагт амьдарч байгаагаас гадна дайн дажин, өлсгөлөн, халдварт өвчтэй бүс нутагт мөн л олон сая хүн амьдарч байгаа нь ямар ч өвчин, үхэлээс дутахгүй ДЭМБ-ын санааг зовоосон асуудал болж байна. Олон улсын хэллэгээр “эмзэг байдлын тохироо бүхий бүс нутаг” хэмээх нэршил байдаг бөгөөд ийм эмзэг байдал бүхий бүс нутаг улс орон бүрт заавал байдаг гэж хэлж болно.
Тухайлбал манай улсын нийслэл Улаанбаатар хотыг өвлийн улиралд “эмзэг байдлын бүс нутаг”-т оруулж тооцно хэмээн тус байгууллагын тайланд дурджээ. Үүний шалтгаан нь мэдээж агаарын бохирдол гэдэг нь ойлгомжтой.
Тав. Нянгийн эсэргүүцэл
Хүн төрөлхтөн антибиотекийг гарган авсан нь шинжлэх ухааны асар том дэвшил болсон гэж үздэг. Гэвч өдөр ирэх тусам антибиотект тэсвэртэй хэдэн мянган нянгууд өсч үржиж, шинээр бий болж байгаа нь мэргэжлийн хүмүүсийн санааг түгшээх боллоо. Энэ байдлаараа ирээдүйд ямар ч хүчтэй эм, тарианд дийлддэггүй нян, вирусүүдийн эрин үе эхэлнэ хэмээн судлаачид үзэж байна. Өнөөдрийн байдлаар ханиад томуунаас гадна бэлгийн замын халдварт өвчний вирусүүд ихээхэн хувирамтгай болоод байгааг эмч нар анхааруулах боллоо. Тиймээс антибиотекийг нээсэнтэй адилхан цоо шинэ төрлийн эм тариа гарган авах зайлшгүй шаардлага хүн төрөлхтөний өмнө тулгарч байна.
Зургаа. Эбола болон бусад нийгмийн халдварт өвчин
Энэ онд африк тив дэх эболагийн тархалт үргэлжлэх болно хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Ганц эбола ч биш, гахайны ханиад, шувууны ханиад, сүрьеэ зэрэг нийгмийн гаралтай халдварт өвчнүүд манай дэлхийн олон мянган хүмүүсийг зовоосоор байх бололтой. Үүнээс гадна цоо шинэ төрлийн гоц халдварт өвчин энэ онд манай гаригийн хүмүүсийг айлгаад авахад гайхах зүйлгүй хэмээн ДЭМБ-ын шинжээчид болгоомжилж байгаа юм. Эболагаар өнөөдрийн байдлаар сая орчим хүн халдварлажээ.
Долоо. Эрүүл мэндийн анхан шатны тусламж дэндүү сул байна
Энэ бол бас л буурай болон дунд зэргийн хөгжилтэй орнуудад хамаарах асуудал юм. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авч чадахгүйгээс болж цөөнгүй тооны хүн жил бүр амь насаа алддаг ч энэ талаар нарийн судалгаа өнөөдрийн байдлаар хийгдээгүй байна. Дэлхий дээр олон сая хүн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа нь эрүүл мэндийн даатгалын тогтолцооны сул хөгжилтэй шууд холбоотой хэмээн ДЭМБ-ын тайланд онцолжээ.
Найм. Хүмүүс вакцинд итгэхгүй байгаа нь том аюул
Хэдийгээр аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай анхдагч арга бол вакцин хэмээн үздэг ч буурай хөгжилтэй, боловсрол тааруу орны иргэд бүү хэл баруун европ, АНУ гэх мэт өндөр хөгжилтэй улсын хүмүүс вакцинд үл итгэх болсон нь мэргэжлийн хүмүүсийн санааг зовоож байна. Ялангуяа интернэт, сошиал орчинд вакциныг эсэргүүцсэн сөрөг сэтгэгдэл, мэдээлэл 2018 онд урьд урьдынхаас идэвхтэй тархсан явдал нь дэлхийн хүмүүсийг төрөл бүрийн өвчнөөс хамгаалах үйлсэд цаашдаа ихээхэн хүндрэл дагуулах бололтой.
“Вакцин бол хэнд ч хэрэггүй эд”, “Эмийн компаниудын бизнес” гэсэн сөрөг сурталчилгаа, сэтгэгдэл сошиал орчинд тоо томшгүй олноороо хөврөх болжээ.
Ес. Халуун хумхаа өвчин
Африк тивээс гаралтай энэ өвчнөөр өвчилсөн нийт хүмүүсийн 20-иос доошгүй хувь нь нас барж байгаа гэсэн статистик тоо байна. Гэвч сүүлийн жилүүдэд африкаас гадна ази тивийн Бангладеш зэрэг улсад энэ өвчнөөр олон саяараа үхэх болжээ. 2020 он гэхэд 390 сая хүн халуун хумхаа өвчний идэвхтэй голомтод амьдрах болно хэмээн ДЭМБ-ын албан ёсны тайланд бичжээ. Энэ өвчин ирээдүйд ДОХ-оос дутахгүй хүн төрөлхтөнд гай тарьж мэдэх юм.
Арав. ДОХ
Манай гариг дээр ДОХ-ын халдвар тээгч 70 сая хүн амьдарч байна. Үүнээс 37 сая нь өвчлөлийн үедээ орсон өвчтөнүүд юм. Африк тивийн Сахарын бүс нутгийн нийт хүн амын 10 хувь нь ДОХ-оор өвчилжээ. ДОХ-той нийт эмэгтэйчүүдийн дийлэнх нь 15-24 буюу ид нөхөн үржихүйн насны охид бүсгүйчүүд байгаа нь сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй.
Эх сурвалж: “Тусгал” мэрэгжлийн цахим сонин
1 comment
mongol orni uvul ni utaa tortog dulaani ulirald il zadgai jorlon ugaadas nus tser hog haygdlaas bolood niislelchuudiin eruul mended notstoi asuudluud uusseer bga ni todorhoi times huvi hun bur aryun tsever bolovson baidliig erhemleh heregtei biee zasaad geree zas geree zasaad turuu zas gedeg shd mongolchuudaa