Иргэд 0,7 га газраа хоёр жилийн хугацаанд зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй тохиолдолд газар эзэмших гэрээг хүчингүй болгох хуулийн заалттай байдаг. Иймд 2015 онд газар эзэмшсэн иргэд ирэх тавдугаар сарын 1-н гэхэд эзэмшсэн газартаа өөрийн хашаа барьж өмчлөх шаардлагатайг мэргэжилтнүүд анхаарууллаа. Мөн Орхон аймагт газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлагдсан Яргуйтын хөтөлд 300 иргэнд, Эрдэнэ багт 20, Говилд 30 иргэнд газар олгохоор болжээ.
Газар олголт ирэх сарын 15-нд эхлэх юм байна. Ингэхдээ цахим хэлбэрээр газар эзэмшүүлэх ажил зохион байгуулж 300 иргэнд газар эзэмшүүлэхээр төлөвлөжээ. Газар эзэмших хүсэлт гаргасан 2009-2017 он хүртэлх иргэдийн жагсаалт, мэдээлэл байх бөгөөд тусгай программ ашиглан сугалах аж. Харин иргэд хүсэлт гаргасан он жагсаалтын дагуу уламжлалт аргаар газар эзэмшүүлэх үү, эсвэл цахим хэлбэрээр сугалах уу гэдгийг энэ сарын 20-ны өдөр Баян-өндөр сумаас иргэдтэй хийх хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр болжээ. Үүнээс гадна зөвшөөрөлгүй газар эзэмшиж, хашаа барьсан долоон иргэнийг албадан буулгаж, тодорхой хууль тогтоомжоо дагаж мөрдөх шаардлагыг хүргүүлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN