Шотландын Засгийн газрын тэргүүн асан Алекс Салмондыг хүчингийн хэрэг үйлдэхийг завдсан хэрэгт буруутган шалгаж эхэлжээ. Түүнийг хүчингийн хэрэг болон олон нийтийн дэг журмыг зөрчсөн зэрэг 14 хэрэгт буруутгаж, Эдинбург хотын шүүхэд дуудсан байна. Эдүгээ 64 настай улс төрч, ОХУ-ын “RT” телевизийн хөтлөгч тэрээр шүүх дээр ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй бөгөөд батлан даалтаар суллагджээ.
Шүүхээс гарч ирснийхээ дараа Салмонд ямар ч гэм буруутай үйлдэл хийгээгүйгээ хэлээд, өөрийгөө бүхий л боломжоороо өмгөөлөх болно гэж мэдэгдсэн байна. Алекс Салмонд лхагва гаригт цагдаа нарт 2007-2014 онд Шотландын анхны Ерөнхий сайдаар ажиллаж байснаа мэдүүлжээ. Хэдийгээр Салмонд бүрэн үгүйсгэж байгаа ч цагдаагийнхан гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Өнгөрсөн оны наймдугаар сард Шотландын цагдаагийн газраас Салмондыг хоёр эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан хэмээн буруутгажээ.
Гэвч Салмон түүнийг “инээдтэй зүйл” хэмээн нэрлээд, өөрийг нь буруутгаж буй хэргийг зохих ёсоор нягтлаагүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн аж. Шотландын үндэсний намын даргаар 1999-2000, 2004-2014 онд, бараг 20 жил ажилласан тэрээр 2007-2014 оны хооронд тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байжээ. Тэрээр 2015 онд Их Британийн парламентын гишүүн болсон ч хоёр жилийн дараа дахин сонгуулийн үеэр суудлаа алдсан байна. Салмонд 2017 оноос ОХУ-ын “RT” телевизийн “The Alex Salmond Show”-г хөтлөх болжээ.
Эх сурвалж: ВВС