АТГ 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хэвлэлийн хурлаараа 2018 онд хийсэн ажлын талаар мэдээллээ. Тухайлбал 2018 онд иргэд, байгууллагаас 1887 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсны 858 нь гэмт хэргийн шинжтэй 858 гомдол, мэдээлэл байв. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал өргөдөл, гомдол, мэдээлэл 563 нэгжээр буюу 42.5 хувиар, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 200 нэгжээр буюу 30.4 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй байна.
2018 онд гэмт хэргийн улмаас 663,213,994,905 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 17,470,753,533 төгрөгийг нөхөн төлүүлж үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 180,650,089,526 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 5 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 6 дахин өссөн үзүүлэлттэй байна.
2017 онд шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн 106 хэргээс 46 /43.3/ эрүүгийн хэрэг шийдвэрлэж байсан бол 2018 онд нийт 224 хэрэг шүүхээр шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлснээс 84 /37.5 хувь/ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн дүнтэй байна. Үүнд:
-Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр,
-Боловсрол соёл шинжлэх ухааны яамны санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Батмагнай,
-Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ц.Баянсэлэнгэ,
-Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр,
-НӨХГ-ын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, ахлах мэргэжилтэн Э.Энхтулга,
-Төрийн орон сууц санхүүжилтийн корпорацийн хуулийн хэлтсийн дарга Б.Батбаатар,
-Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга А.Мейремхан,
-Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт хариуцсан байцаагч Б.Золбоо,
-Баянгол дүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин,
-Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж нарын,
-Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Ж.Алтансүх,
-ДЦС-4 төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал С.Анхбаяр зэрэг албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлээд байна.
АТГ-т мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдээс УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Эрчим хүчний сайд асан М.Сономпил, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, ТОСК-ийн А.Гантулга, МХЕГ-ын газар, хэлтсийн дарга Б.Аззаяа, Д.Баярсайхан нарын албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн 76 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн.