Улаанбаатар хотын ногоон байгууламжийн талбайг услахад өдөрт 700 тонн ус зарцуулдаг байна. “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд гүний усыг хэмнэж, стандартын шаардлагад нийцсэн цэвэршүүлсэн усыг ногоон байгууламжийн усалгаандаа ашиглаж эхэлжээ. Одоогоор АПУ болон М-Си-Эс Кока Кола компанитай гэрээ байгуулан ус ундааны үйлдвэрээс нь гарч буй усыг хэрэглэж байна. АПУ компаниас авсан усаар хотын төв, М-Си-Эс Кока Кола компаниас авсан усаар хотын зүүн бүсийн ногоон байгууламжийг усалж байна. Харин ногоон байгууламжийн усалгааны систем байхгүй, цэвэршүүлсэн усыг машинаар зөөх учир хотын баруун хэсгийн ногоон байгууламжийг саарал усаар услах боломж хомс байгаа юм. Иймд саарал ус нийлүүлэх хүсэлтэй компаниудтай хамтран ажиллахад бэлэн байна гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.