Европын сансар судлалын агентлаг (ЕССА) 2025 он гэхэд саран дээрээс ус болон хүчилтөрөгч олборлохоор ажиллаж буйгаа мэдэгдлээ. Тус агентлаг сансрын аялал жуулчлалын ArianeGroup-тэй нэг жилийн хугацаатай сарны тоос буюу шороон хөрсийг судлах гэрээнд гарын үсэг зурсан байна. Ус болон хүчилтөрөгчийг сарны гадаргын хөрснөөс олборлож болох бөгөөд энэ нь ирээдүйд хүмүүсийг саран дээр амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой юм гэж ArianeGroup компани үзэж байна.
Цаашдаа судалгааны үр дүнд саран дээр сансрын хөлгийн түлш үйлдвэрлэж сансрын аялал жуулчлал хийдэг компаниудад илүү хол аялах бололцоог өгснөөр хүн төрөлхтөнд сансрын уудам дахь нууцуудыг илүүтэй судлах боломжийг бүрдүүлэх юм. Сансар огторгуйн нөөцийг ашиглах нь сарны тогтвортой судалгааны түлхүүр юм гэж ЕССА-ийн Хүн ба Роботын хайгуулын захирал Давид Паркер хэлжээ. Сарны гадарга нь төмрийн оксидоор баялаг сул хөрс юм.
Мөн хөрсний чулуулаг бүтцээс их хэмжээний хүчилтөрөгч гаргаж авах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. Энэ судалгаа нь ЕССА-ийн ирэх арван жилд хэрэгжүүлэх Европ болон дэлхийн хамтарсан хайгуул судалгааны иж бүрэн төлөвлөгөөний нэг хэсэг юм гэж Давик Паркер цохон хэлжээ. Уг даалгаврыг Франц, Герман, Бельгийн сансар судлалын эрдэмтэд болон мэргэжилтнүүд хамтран биелүүлэх юм. Одоогоор төсөл судалгааны үе шатандаа явж байгаа ба эрдэмтэд ирэх жилүүдэд Ariane 64 сансрын хөлгийн тусламжтайгаар олборлолтын төхөөрөмжүүдийг саран дээр байршуулах аж. Мөн энэхүү төсөл нь саран дээр хүн төрөлхтөн анх удаа хөлөө тавьсан гайхалтай үйл явдлын 50 жилийн ойд зориулан хийгдэж буй томоохон ажлуудын нэг юм.
Эх сурвалж: CNN