Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.19) хуралдаан 09 цаг 36 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн мэдээлэл хийлээ
Хуралдааны эхэнд “Мал аж ахуйн салбарын хаваржилтын нөхцөл байдал”-ын талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн мэдээлэл хийлээ.
Тэрээр мэдээллийн эхэнд, 2016-2017 оны намар цас эрт орж, ихэнх нутгаар битүү цасан бүрхүүл тогтож эхэлснээс хойш өвлийн турш зузаан цастай байж нягтарч хатуурсан цас, жиндүү хүйтний улмаас 14 аймгийн 85 сум цагаан зудтай, 13 аймгийн 62 сум зудархуу байдалтайөвөлжсөн. Өвөлжилтийн нөхцөл байдал, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын таван удаа хуралдаж, 8.2 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэв. Тухайлбал, цаг үеийн шинжтэй бусад асуудлыг шийдвэрлэхэд зориулж нийт 1.1 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр, сумдын эрүүл мэндийн төв, зарим аймгийн Онцгой байдлын газар, ХХААГ-т нийт 44 автомашин, улсын нөөцийн 8920 тонн өвсний үнийг 100 хувь, 7408 тонн тэжээлийн үнийг 50 хувь чөлөөлж, 41.8 сая төгрөгийн малын эм бэлдмэл өгсөн гэдгийг дурдлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас онцгой байдлын албаны хүч хэрэгслийг нэмэгдүүлэн бэлтгэл бэлэн байдлын чадавхийг сайжруулах зорилгоор ОБЕГ-т 125-165 морины хүчин чадалтай 26 тракторыг шилжүүлсэн нь цас зайлуулах, түймрээс сэргийлэх зурвас гаргах, тариалангийн талбайд цас тогтоох зэрэг ажлын чадавхи нэмэгдсэн. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж 200-аас доош малтай, өрх толгойлсон эмэгтэй, олон хүүхэдтэй, өндөр настан, амьжиргааны нэг, хоёрдугаар зэрэглэлд байгаа зэрэг үзүүлэлтүүдээр 8459 өрхөд бэлэн мөнгө, хүнс, малын тэжээл, эм бэлдмэл, элгэвч, нэмнээ, хурганы уут зэрэг 4.1 тэрбум төгрөгийн тусламж хүргэгдээд байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачилсан “Малчиддаа туслах сайн санааны аян”-ы хүрээнд 10 аймгийн тусламж хүрээгүй 36 суманд 370 тонн хивэг, 360 багц хүнс, дулаан хувцасны тусламж үзүүлсэн гэдгийг салбарын сайд онцоллоо.
Мал төллөлт одоогийн байдлаар оны эхний нийт хээлтэгчийн 46.7 хувь буюу 12.2 сая хээлтэгч төллөж 12.0 сая төл буюу гарсан төлийн 97.7 хувь нь бойжиж байна. Үүнээс 30.0 мянган ботго, 72.7 мянган унага, 226.9 мянган тугал, 6.1 сая хурга, 5.6 сая ишиг бойжиж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам аймгуудтай байнгын холбоотой “Шуурхай штаб” ажиллуулж байгаа бөгөөд хаврын шар усны үер, салхи шуурга, мал төллөлтийн үеийн зөвлөгөө, зөвлөмжийг өгч байна гэдгийг П.Сэргэлэн сайд мэдээлэлдээ дурдав.
“Мал аж ахуйн салбарын хаваржилтын нөхцөл байдал”-ын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, А.Сүхбат, Байнгын хорооны дарга Ц.Гарамжав нар асуулт асууж, санал хэлэв.
Гишүүдийн хувьд Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүд ямар шатандаа явааг сонирхохын зэрэгцээ, малын халдварт, гоц халдвар өвчний вакциныг дотооддоо 100 хувь үйлдвэрлэх боломж байгаа эсэх, вакцины чанар, хадгалалт, тээвэрлэлтийн асуудалд хэрхэн хяналт тавьж байгаа болон устсан байсан малын халдварт өвчин дахин тархаж байгаагийн шалтгаан, ноолуурын талаар салбарын яамны баримтлах бодлого, үрийн нөөц хэр байгаа зэргийг тодрууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сэргэлэн, Малын халдварт өвчин тэр дундаа цэцэг өвчний асуудалд бид онцгойлон анхаарч ажиллаж байгаа. УИХ-д өргөн барьсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүдийг яаралтай батлуулж, малын эрүүл мэндийн асуудалд хандах хандлага, арга барилаа өөрчлөх шаардлагатай байна. Эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулахаар УИХ-ын Байнгын хороо болон салбарын яам дээр Ажлын хэсэг, дэд хэсэг гаран ажиллаж байгаа.
Вакцины чанарыг шалгахад үр дүн сайн гарсан. Бидний хувьд дотооддоо вакцин үйлдвэрлэхийн тулд Биокомбинат үйлдвэрт Унгар улсын дэмжлэгээр 25 сая ам долларын хөрөнгө оруулалт хийх гэрээ, хэлэлцээрийг хийж байгаа.
Ноолуурын хувьд малчдаас ноолуурыг нь худалдан авч, олон улстай нэг цонхоор гарган борлуулах бодлогыг барьж байна. Иймд “Ноолуур хөтөлбөр”-ийг боловсруулан удахгүй Засгийн газарт танилцуулна. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд 600 сая ам. долларын асуудал яригдаж байгаа. Салбарын яамнаас Тариаланчдын улсын зөвлөгөөнийг хийж, уринш, намрын ургац, үрийн буудайны асуудлыг ярилцсан. Үрийн буудайны нөөц боломжийн байгаа. Бид БНХАУ-руу 10 мянган тонн үрийн буудай гаргах асуудлаар яриа, хэлэлцээр хийж байна гэж хариулж байв.
Харин Мал эмнэлэг, үржлийн газрын зүгээс, Малын гоц халдварт өвчин зүүн болон баруун аймгууд буюу БНХАУ-тай хил залгаа сумдын нутгаар амьтан, малын хөл, худалдаа, салхиар дамжин тархаж байна гэж олон улсын шинжээчдийн баг дүгнэлт гаргасан. Вакциныг зохих зааврын дагуу хадгалалт, тээвэрлэлт тусгай стандартын дагуу хяналтаа тавин ажиллаж байгаа гэж нэмж хариулав.
Хуралдааны төгсгөлд Байнгын хорооноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв. Энэхүү тэмдэглэлд, Бүс хооронд үржлийн малын худалдааг хоёр жилийн хугацаанд хязгаарлах, хурдны зориулалттай адууны шилжих хөдөлгөөнийг замын постууд дээр хянаж, тухайн орон нутгийн мал эмнэлгийн шинжилгээний бичиг баримтыг үндэслэн нэвтрүүлэх, төл малын вакцинжуулалтын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх, шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд орон нутгаас гарсан зардлын асуудлыг яаралтай шийдвэрлэх, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бэлдмэл, халдвар хамгааллын хувцасны худалдан авалтыг шуурхай зохион байгуулах, шүлхий өвчний байгалийн халдварын болон вакцинжуулалтын дараах ийлдэс судлалын тандалт шинжилгээний ажлыг гүйцэтгэх” зэрэг саналууд тусгагдсан байв. Байнгын хорооны гишүүд хуралдааны тэмдэглэлд цаг агаарын заалтыг үнэн зөв болгох, цаг агаар, орчныг шинжлэхэл ашиглаж байгаа хоцрогдсон техник, төхөөрөмжийг шинэчлэх асуудлыг нэмж тусгахаар санал орууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.