Байгаль дахь усны хамгийн онцлох шинж нь цаг хугацаа, орон зайд тоо, чанарын хувьд байнга хувьсан өөрчлөгдөж, эргэлтэнд орж, нөхөн сэлбэгдэж, нэг төлвөөс нөгөөд шилжиж, үргэлжийн хөдөлгөөнд байдагт оршино.
Тийм ч учраас байгаль дахь усны нөөцийг яг нарийн тооцож, судалж тогтоох нь бэрхшээлтэй асуудлын нэг юм. Ялангуяа газрын доорх усны гарал үүсэл, нас, нөөц, горимын зүй тогтол нь одоо хэр төгс судлагдаагүй, эрдэмтэн судлаачдын дунд янз бүрийн таамаглал төсөөлөл бүхий сэдэв байсаар байна.
Далай, тэнгис, нуур, цөөрөм, гол мөрний усан мандал /толио/-аас нарны энерги болон салхины нөлөөгөөр тодорхой хэмжээний ус ууршиж агаар мандалд хөөрч үүл болдогийг бид бүгд мэднэ. Тэгвэл үүл нь агаарын температур болон түүний урсгал хөдөлгөөний нөлөөгөөр хур тунадас болж газрын гадарга дээр буухын зэрэгцээ эргээд далай, тэнгис, нуур, цөөрөм, гол мөрний усанд тэжээл болон очдог. Энэ үйл явцыг байгаль дахь усны эргэлт гэж нэрлэдэг.
Эрдэмтдийн судалгаагаар агаар мандлын ус жилд дунджаар 35 удаа, гол мөрний ус 32 удаа эргэлтэнд ордог бол мөнх цэвдэг 10000 жилд нэг удаа, туйлын мөс 9700 жилд, газрын доорхи ус 5000 жилд, далай 2500 жилд, уулын мөнх цас 1600 жилд, нуур 17 жилд, намаг 5 жилд, хөрсний чийг 1 жилд тус тус эргэлтэнд орж нөхөн сэлбэгддэг байна.