Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг ирэх долоо хоногийн эхээр иргэдийн дансанд шилжүүлэх юм байна. Энэ жил 808000 иргэнд 121 орчим тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгох аж. Сангийн яамнаас тодруулахад “Татварын Ерөнхий газраас энэ долоо хоногтоо багтан НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллийг нягталж, шалгаад бүх тооцооллоо цэгцэлж Сангийн яаманд ирүүлнэ.
Үүний дараа буюу ирэх долоо хоногийн эхнээс НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлэхээр ажиллаж байна” гэлээ. НӨАТ-ын баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа өнгөрснөөс хойш Татварын ерөнхий газар мэдээлэл, судалгаагаа нэгтгээд нэгдүгээр сарын 25-ны дотор Сангийн яаманд хүргүүлдэг. Сангийн яам санхүүжилтээ шийдээд Монголбанкинд шилжүүлснээр НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг юм байна.
Иргэд хувийн мэдээллээ нягталж, үнэн зөвийг шалгах хэрэгтэй.
-Овог нэрийн эхний үсэг, регистрийн дугаарын эхний 2 үсгийг томоор, кирилл үсгээр бичнэ.
-Регистрийн дугаарыг бичихдээ зай авахгүй;
-Өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаар байх;
Бүртгүүлсэн дансны хувьд
-Нэр дугаар зөрөхгүй байх;
-Хамтран эзэмшигчтэй данс биш байх;
-Идэвхитэй данс байх;
-Картын дугаар оруулахгүй байх;
-Дансны дугаарыг оруулахдаа зай авахгүй байх
Гүйлгээ буцаагдсан иргэд дансны мэдээллээ шалган засварласан тохиолдолд урамшуулал олгогдоно.