Манай улсын нийт газар нутгийн 80 гаруй хувь нь шар шороон шуурганы голомттой бүсэд оршидог. Нийт нутгийн 70 гаруй хувь нь цөлжсөн бөгөөд хөрсний чийгний хангамж улам бүр багасах болжээ. Цаг уурын дулаарал, цочир хүйтрэх, шар шороон шуурга зэрэг цаг агаарын таагүй үзэгдэл сүүлийн жилүүдэд олонтаа ажиглагдах болсныг холбогдох албаны хүмүүс хэлж байв. Ирэх сарын сүүлчээр цочир хүйтэрч, дөрөв, тавдугаар сар шар шороон шуургатай, нойтон цас ихэнх нутгаар орж болзошгүйг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнөөдөр (2017.04.19) Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж ойрын үед цаг агаарын ерөнхий төлөвийн мэдээллийг сонссон юм. УИХ-ын гишүүдийн зүгээс цаг агаар нь газар тариалангийн үйлдвэрлэлд шууд нөлөөлдөг тул урьдчилсан мэдээ мэдээлэлд онцгой анхаарах, шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалтыг зохих түвшинд мэдүүлж шийдвэрлүүлж байх хэрэгтэй хэмээн зөвлөлөө. Энэ хавар цаг агаар ямар байх талаар танилцуулъя.
Энэ сарын 19-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын өмнөд хэсгээр, 22, 26-нд төв, зүүн аймгуудын зарим газраар, 23, 24, 27-нд зүүн аймгуудийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орох төлөвтэй байна. Энэ үед салхи говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с, зарим үед 16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах аж. Мөн хуурайшилт ихтэй байх юм байна. Агаарын температур энэ сарын 22-24-нд нутгийн зүүн хагаст, 18-19-нд ихэнх нутгаар сэрүүсч, цас бүрэн арилаагүй нутгаар өдөртөө 3-8, шөнөдөө -11 хэм хүрч, говийн бүс нутгаар өдөртөө 11-16, шөнөдөө 0-5, бусад нутгаар өдөртөө 6-11, шөнөдөө -8 хэмийн хүйтэн байх төлөвтэй байна. Бусад үед бүх нутгаар дулаарч өдөртөө говийн бүс нутгаар 17-22, бусад нутгаар 11-16 градус дулаан байх юм байна.
Ирэх сард ихэнх нутгаар агаарын температур уур амьсгалын дундажийн орчим, хур тунадас Баян-Өлгий, Увс, Архангай, Булган, Ховд, Баянхонгор, Төв, Сүхбаатар, Дорнод аймгийн өмнөд сумдаар, Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим, зөвхөн Алтайн өвөр хэсгээр дунджаас бага орох төлөв ажиглагджээ.
УИХ-ын гишүүдийн зүгээс цаг агаар нь газар тариалангийн үйлдвэрлэлд онцгой нөлөөлдөг тул урьдчилсан мэдээ мэдээлэлд онцгой анхаарах, шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалтыг зохих түвшинд мэдүүлж шийдвэрлүүлж байх хэрэгтэй хэмээн зөвлөв.