Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвийн үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдал, хүнд суртал, чирэгдэлтэй үйл ажиллагааны талаар хянан үзэх, шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, зарим шаардлагатай арга хэмжээг авахаар 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс ажиллаж эхэллээ. Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх, Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвийн дарга, дэд хурандаа Ч.Батболд нар уулзаж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцов.
Ажлын хэсэг жолоодох эрхийн үнэмлэх олгох, солих, нөхөн олгох үйл ажиллагааны нөхцөл байдал, хууль тогтоомж зөрчиж байгаа эсэх, түр үнэмлэх олгож байгаа асуудалд хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн тус төвөөс олгож байгаа тусгай зөвшөөрөл /тусгай дуут дохио гэх мэт/, түүнд тавих хяналт, зөрчлийг нягтлан шалгаж, зарим илэрсэн зөрчлийг газар дээр нь таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлж байна. Авлигатай тэмцэх газраас цаашид жолоодох эрхийн үнэмлэх олгох, солих, нөхөн олгох үйл ажиллагааг цахимжуулах, олон нийтэд ил тод, нээлттэй болгох ажлыг зохион байгуулахад онцгой анхааран ажиллаж байна.
1 comment
жолооны үнэмлэх хэвлэхгүй түр үнэмлэх гэж нэг юм гаргаад байх юм. Мөнгийг нь тушаалгаад аваад байдаг мөртлөө түр үнэмлэх нь гарахгүй байгаа нь ямар учиртай болох талаар тайлбар өгч байгаа анхаарч байгаа албан тушаалтан алгаааа